| E-mail | Club |
 
 
 
     
 

Самсунд бууж ирсэн Эзэний хүч

Лүүк номын 10-р бүлэг 25-37-р ишлэл
   
 

8. Самсунд бууж ирсэн Эзэний хүч


Хэд хоногийн турш та бүхэнтэй хайрыг хуваалцан эрхэм үгийн дунд цагийг өнгөрөөсөндөө үнэхээр их баярлаж байна. Өчигдөр би оройны цуглааны дараа гурван давхарт байхдаа хэд хэдэн хүний гэмийн уучлал авсан талаарх гэрчлэлийг сонссон. Дөрвөн хүний гэрчлэхийг сонсоод, гэмээсээ болоод их зовж байгаад энэ удаагийн цуглаанаар гэмийн уучлалийг аван сэтгэл нь хөдөлсөн байдлыг хараад миний сэтгэл ямар их халуунаар дүрэлзэж, бас Эзэнд хичнээн их талархсан гээч. Та бүхний гэрчлэлийг нэг бүрчлэн сонсож чадаагүй боловч та нарт гэрчлээрэй гэвэл “Гэмээс уучлагдаж миний сүнс санаа сэтгэл гэмээс чөлөөлөгдсөн мартагдашгүй цуглаан” гэж гэрчлэх хүмүүс олон бий гэж бодож байна. Энэ бүхэн Пусаны иргэдийг хайрлаж байгаа Бурханаас ирсэн зүйл гэж мэдэж байгаа учраас хайртай Эзэндээ алдрыг өргөж байна.
Өнөөдөр өглөө гэмийн уучлалыг авсаны дараа хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг талаар ярья. Олонх хүмүүс гэрлээд шинэхэн гэр бүлийн амьдралаар амьдрахдаа түгшдэг. Ийм байдал дунд хэсэг хугацаа өнгөрөхөд байнга маргалдаж эхлэх бөгөөд энэ нь нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө сайн мэдэхгүй учраас тийм байдаг. Тийнхүү хэдэн жил өнгөрөхөд эхнэр нөхөр хоёр бие биенээ ойлгож эхлэх бөгөөд урьдын сэтгэлийн хөдөлгөөнд автагдаж байсан хайраас илүү гүнзгий хайраар гэр бүл нь амар тайван болохыг харж болно. Яг үүнтэй адил, бид гэмийн уучлалыг аваад Есүсийг бидний дотор оруулсны дараа Эзэн яаж эв найртайгаар амьдрах вэ гэдэг талаарх асуудлыг өнөөдөр өглөө ярья.
Хуучин гэрээний Шүүгчид номын 15-р бүлэг дэх үгийг нээе. 13-р ишлэлээс уншия.
“Тэд Самсонд
-Үгүй. Бид чамайг хурдан хүлээд, тэдний гарт тушаах боловч бид үнэхээр чамайг алахгүй гээд, хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав.
Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. ЭЗЭНий сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.
Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.
Тэгээд Самсон
-Илжигний эрүүний ясаар овоон дээр овоо босгов.
Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алав гэжээ.
Ингэж хэлж дуусаад, тэрээр илжигний эрүүний ясыг хаяад, тэр газрыг Рамат Лехи гэж нэрлэв.
Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан
-Та өөрийн боолын гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл би одоо хатаж үхэн, хөвч хөндүүлээгүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв.
Харин Бурхан Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган, тэндээс ус гаргав. Тэр ус уумагц хүч тамир орж сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-Хаккор гэж нэрлэсэн нь өнөөдрийг хүртэл Лехид бий аж.
Ингэж Самсон Филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилыг шүүв.”
20-р ишлэл хүртэл уншлаа.

Дээр үед нэгэн сайд байжээ. Тэрээр өөрийн гэр бүлийг огт анхаардаггүй, харин улсынхаа төлөө ямагт санаа зовж, хаан ба ард түмний төлөө үнэхээр үнэнч сайд юмсанжээ. Ялангуяа улсаасаа авсан цалин пүнлүүгээ өөртөө хэрэглэдэггүй, ихэнхийг нь улсынхаа хэрэгт зориулдаг учраас амьдрал нь туйлын ядуу байв. Тиймээс ордонд сайдыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүс олон байсан бөгөөд хаан ч гэсэн сайдын төлөө сэтгэлээ чилээн, ямархуу амьдарч байгааг нь очиж үзээд ир гээд түшмэдээрээ хоол хүнс хүргүүлдэг байжээ.
Сайд хэдийгээр олон хүмүүсийн хайрыг хүртсэн хүн байсан хэдий ч хүүхэдгүй байв. Тиймээс хаантан хүртэл санаа нь зовж, “Хүүхэдтэй болоогүй юу?” гэж сайдын эхнэрээс асуун, рашаан эм өгөн хишиг хүртээдэг байсан хэдий ч хэвээр хүүхэд төрсөнгүй гэнэ. Хүүхэдгүй ийнхүү амьдарч байтал эхнэр нь бараг 50 нас хүрээд хүүхэдтэй болжээ. Тэр тухай сонсоод хаантан хүртэл баярлаж, ордонд ч гэсэн баяр хөөр болов. Ядуу амьдралтай сайдынх байсан хэдий ч эхнэрийг асруулахаар гэрт нь албаар шивэгчин явуулж, бас биеэ тэнхрүүлээрэй гэж сайн эм бас явуулжээ. Тэгээд нь эхнэр нь амаржих дөхөж, хүү төрүүлсэнд бүгд туйлын ихэд баярлан хөөрчээ. Сайд ч ихэд баярлан улсынхаа ажлыг дуусмагц гэртээ эрт ирэн хүүхэдтэй цагийг өнгөрүүлэх үе олон байв. Урд ургасан чихнээс хойно гарсан эвэр гэгчээр хүү нь сайн өсөн торниж байлаа.
Гэтэл нэг асуудал тулгарчээ. Гэрийнхэнийхээ, хаантны, ордны хүмүүсийн анхаарлыг татаж байсан хүү гадаа гараад гэртээ орж ирэхдээ хүүхдэд зодуулаад орж ирдэг болжээ. Амттай юмуу сайн юм өгвөл гадагшаа гараад бүдийг нь булаалгаад, зодуулаад уйлж орж ирдэг болохоор нь хүмүүс “Сайдын хүү тэнэгдүү, мангардуу” гэж хэлдэг болжээ. Сайдтан настай болж, хүү нь арван тав, арван долоо хүрч, гэрлэх нас нь болсонд сайд хүүгээ цаашид гэр орноо хэрхэн авч явах юм бол гэж санаа зовон нойр нь ч хүрэхээ больжээ.
Тэгээд нэг өдөр ийнхүү шийджээ. Хэрцгий догшноороо нэрд гарсан, хэнд ч дарагддаггүй, шорон бараг гэр нь болсон алдартай дээрэмчин байдаг байсан бөгөөд нэг өдөр сайд өглөө эрт зарц нараа явуулан түүнийг дуудуулжээ. Энэ дээрэмчин олон муу хэрэг хийсэн болохоор сайд түүнийг дуудсанд ихэд айн чичирч, гэрийнх нь гадаа ирээд өвдөг сөгдөн толгой гудайлган суужээ. Өрөөний хаалга онгойн сайдтан гарч ирээд дуудав.
“Хүүе, чи тэнд юу хийнэ? Манай зочин болж ирчихээд ... наашаа хурдан ирэгтүн.”
Яахаа мэдэхгүй сандран байгаа дээрэмчинд сайд дахин “Наашаа хурдан ир” гэсэнд сайдын үгэнд сандран цочсон тэрээр хүрч ирлээ. Сайдтай хамт өглөөний хоол идэнгээ дээрэмчин дотроо ийнхүү боджээ. “Аа, би буруу зүйл их хийсэн болохоор хоол идсэний дараа үхэх юм шиг байна даа.” гэж бодох тусам түүний хоолойгоор юм давахгүй байж гэнэ.
“За, чамаас гуйх юм байгаа болохоор дуудсан тул хэцүү байсан ч миний гуйлтыг биелүүлэхгүй юу?” гэсэн дээрэмчин
“Та айлдана уу. Юу байсан ч амиа зориулаад ч болов хийж чадах юм байвал хийнэ.”
“Би улс орны ажил гээд их завгүй болохоор хүү маань өсөж том болсон ч эх нутгаа үзүүлж чадсангүй. Би мөнгийг хэдийг ч гэсэн өгөх тул миний хүүг дагуулан явж байгаад ир. Гурван сарын хугацаа өгье.”
Энэ нь дээрэмчинд сайн юм боллоо. Сайдтан
“Улсад хохирол учруулахгүйн тулд унаж явах нэг морь өгнө. Түүгээр яваад ир.” Гээд нэг хүн л унаж явах морь өгчээ. Дээрэмчин “За сайдтан, яваад ирье.” гэж салах ёс хийгээд “Залуу хүү, мордогтун.” Хэмээн хүүг мордуулаад өөрөө араас нь даган явжээ. Сөүлээс эхлээд Ёндунпу хүртэл нэлээд явж гэнэ. Уул даваад дээрэмчин
“Залуу хүү” хэмээн дууджээ. Хүү
“Яасан?” гэсэнд
“Залуу хүүгийн хөл маш чийрэг байна шүү.” гэсэнд хүү
“Тийм шүү, миний хөл их чийрэг. Тавин ли газар явсан ч ядрахгүй.” гэхэд дээрэмчин
“Тиймүү, залуу хүү, миний бие сул дорой, хөл өвддөг болохоор алхаж явахад хэцүү юм.” гэжээ.
“Аан, тийм байна шүү. Хөл чинь их муу харагдаж байна.”
“Залуу хүү, морины араас дагаад, би нэг удаа морь унаж болохуу?”
“Тэг, тэг”
Тэгээд тэр үеэс хүү морины араас дагаж, харин дээрэмчин морио унаад явж гэнэ. Хэсэг явж байгаад сайдын хүүгийн хөл ихэд өвдөж, хүү дээрэмчинд хэлж гэнэ.
“Би морь унаж болохуу?”
“Залуу хүү сайдын хүү шүү дээ. Нас залуу цус шингэн гэдэг, ийм чийрэг хөлтэй хүн юу хэлнэ вэ?”
“За, за, миний хөл өвдөхгүй байна. Зүгээр, чи унаад яв.”
Тэр өдрөөс хойш дээрэмчин сайдын хүүг их л ухаалгаар хохироодог болж гэнэ. Амттай хоол байвал сайдын хүү биш, дээрэмчин иддэг болсон бөгөөд үлдэгдэл шавхрууг нь хүүд өгдөг болжээ. Сайдын хүү энэ бүхэнд чимээгүй байсан хэдий ч, хөлийг нь хичнээн чийрэг гэж магтсан ч өвдөөд тэсэхэд бэрх болж байхад хүү энэ хэцүү байдлыг яаж шийдэх аргаа мэдэхгүй л байлаа. Дараа нь нэр нүүрээ бодох нь ч өнгөрч, дээрэмчинтэй тэмцэлдэж эхэлж гэнэ.
“Одоо би унана.”
“Хүүеэ, залуу хүү минь”
“Үгүйээ, би унана.”
“Залуу хүү...”
Сүүлдээ сайдын хүү уурлаж гэнэ. Хэсэг явж байгаад замын зардал дуусах үед дараагийн тосгонд хүрэхэд тосгоны ахлагчаар дамжуулан Ханянаас зардлыг нь явуулдаг байжээ. Чонаныг өнгөрөөд Тэжоны орчим ирэхэд сайдын хүү
“Би ч гэсэн иднэ. Чи жаахан ид.” Хэмээн дээрэмчинтэй маргалджээ. Хэдий тэгсэн ч хүү ухааны хувьд дээрэмчинд хүрэхгүй тул эсэргүүцэхээс өөр бодитоор болж өгөхгүй байлаа. Харин дээрэмчин л хүссэнээрээ хийж байв. Тэжоноос Жонжу руу, бас Намвонд хүрч ирэхэд сайдын хүүгийн хэцүү байдал улам бүр нэмэгдэж байлаа. Ингэж тэгж бодоод тэмцэлдэж үзсэн ч дээрэмчний ухаан хүүгээс арай илүү болохоор сайдын хүү сүүлдээ бодож гэнэ.
“За яахав, Ханянд очоод үзье. Аав л их асуудалтай байна. Улсын сайд хүн мөртлөө яаж ийм толгой муутай улсын хэргийг хийдэг байнаа. Олон хүний дундаас энэ муу дээрэмчинг надтай хамт явуулж байдаг.”
Хүү одоо л улсынхаа төлөө санаа тавьж эхэлж. Тэгээд Чүнмү, Самчонпу, Пусан гээд бас Улсан, Гёнжү, Тэгү рүү хүрч ирээд тэр үеэс шууд тэмцэл нь эхэлсэн байна. Хоол идэх болвол “Чи болно” гэж булаан идэж, маргалдан тэмцэлдсээр аян замдаа явж гэнэ. Ханян хүрэх ойртох тусам дээрэмчин “Одоо ингэж болохгүй юм байна.” гэж бодоод буулт хийж эхэлжээ.
“Залуу хүү, сайн идээрэй.”
“Чи битгий ид. Чи намайг зөндөө зовоосон. Тэглээ гээд би чамд нүүр өгөх юм шиг байна уу?”
“За, залуу хүү, морио унаад явна уу.”
“Хөөх, одоо өөр болчихож. Гэр ч ойртож байна даа. Энэ муу золигийг...”
“Залуу хүү минь, юунд тэгж...”
“За, дуугай.”
Ийнхүү Ханян зүг үргэлжлэн явж гэнээ. Эцэст нь Ханянд ирэв. Гэртээ ирсэнд сайд хүүгээ сайн явж ирлээ хэмээн баярлан угтаж хоол бэлдэж өгчээ. Хүү суугаад аавтайгаа ярилцаж гэнэ.
“Ааваа, таны ачаар амар мэнд явж ирлээ.”
“За, юм их үзэв үү?”
“Тиймээ.”
“Харин ааваа, хэлэх юм байна.”
“Юу билээ?”
“Би аавдаа ингэж хэлэх нь ачлалгүй хүү болж магад ч, ааваа, та улсынхаа хэргийг яажшуухан шийдэн байна даа?”
“Яасан? Энэ чинь юу гэсэн үг үү?”
“Намайг аянд явуулахдаа далайн элс мэт энэ олон хүний дундаас яагаад энэ дээрэмчинтэй явуулж зовоож байгаа юм бэ? Ааваа, тийм мөртлөө яаж улсынхаа хэргийг явуулж чаддаг юм бэ? Аавыг сайд хэмээн итгэж байдаг хаантан өрөвдмөөр юм.”
Сайд ихэд баярлан нулимс унагажээ.
“Тиймээ, чи миний хүү байна. Миний хүү тэнэг биш, мангар ч биш. Бид хэтэрхий эвийлээд ингэсэн байна. Одоо л чи миний хүү.” гэж гэнээ.
Сайд ямар их баярлах бол? Хүү нь тийм зүйлийг туулаагүй бол зүгээр л тэнэг хүн шиг насныхаа амьдралыг барах байсан.
За, та бүхний дунд энэ удаагийн цуглаанаар дамжуулан гэмийн уучлалыг авсан хүн байна уу? Олон хүн гараа өргөлөө. Халелүяа. Сайн сонсоорой. Та бүхнийг гэмийн уучлал авах үед та нарын дотор ямар үйл явдал болдгийг мэдэхүү? Тэр тухай хэлэх үг зөндөө байна.
Би 25 жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл олон цуглаанд гэмийн уучлалын талаар ярьсан. Энэ бүхэнд гэмийн уучлал авсан хүмүүсийг харвал зарим нь Есүс дотор баяр баясгалантай амьдралаар амьдарч байгаа бөгөөд зарим нь гэмийн уучлалыг авсан ч Эзэнтэй хамт байж чаддаггүй тохиолдол олныг харсан. Өнөөдөр тэр талаар та бүхэнд хэлье. Та нар гэмийн уучлалыг баттай авсан бөгөөд Бурхан болон та нарын хоорондох хааж байсан хана алга болно. Тэр та нар өөрсдөө ч мэдээгүй байхад Есүсийн Сүнс та нарын сэтгэлд орж ирээд байх болно. Тийнхүү одоо бид Ариун Сүнсээр амьдарч байгаа бөгөөд сайдын хүү хүч чадалтай, цэцэн ухаантай байсан ч түүнийгээ хэрэглэж мэдэхгүй бол тэнэг болдог мэт, Ариун сүнс бидний сэтгэл дотор бүрэн байгаа ч Ариун Сүнсээр амьдрахгүй, өөрийн хүний аргаар амьдарвал Ариун Сүнс байхгүй хүнтэй яг адилхан амьдралаар амьдрах болно. Нэг жишээ хэлье. Миний өдрийн орлого гурван зуун сая вон гэж бодъё. Надад мөнгө их байгаа болохоор түүнийгээ яаж хэрэглэхээ мэдэхгүй байхдаа Пусанд ирээд санамсаргүй сайн таньдаг хоёр хүнтэйгээ уулзлаа. Тэд хоёулаа ядуу.
“Яагаад тийм хэцүү байна вэ?”
“Пастор аа, ийм тийм юм хэцүү байна.”
“Аа, тиймүү, Би туслая. А гуай би танд өдөрт арван сая вон өгье. В гуай танд би яг адилхан арван саяыг өгч байна. Өдөр болгон та хоёрын хадгаламжийн дэвтэрт мөнгийг шилжүүлж байх тул сэтгэл амар хэрэглээрэй.”
“Тиймүү, пастор аа, үнэхээр баярлалаа.” гэж ихэд баярлана. А гуай хадгаламжийн дэвтрээ аваад гэртээ гүйж очлоо. Өдөрт арван сая, хоёр өдөрт хорин сая, гурван өдөрт... дөрвөн өдөрт... Пөөх, би баян хүн. Хөгшөөн, нааш ирээд хардаа. Одоо мөнгө хэр зэрэг байгаа вэ?”
“Зуун мянган вон орчим байгаа.”
Зуун мянган төгрөгөөрөө жижиг мөнгөний авдар худалдаж авав. Тэгээд дотор нь хадгаламжийн дэвтрээ хийгээд цоожилжээ. Тэгээд уутаар сайн боогоод өрөөнийхөө шалны хөндий доогуур лав хийгээд өдөр болгон санаа амар хэвтэхдээ
“Шалны доор хадгаламжийн дэвтэр байгаа, өдөрт арван сая вон нэмэгдэж байдаг. Сайхаан, сайхан.” гээд л байж байдаг. Харин В гуай гэртээ очоод
“Хөгшөөн, одоо санаа зовох хэрэггүй болсон. Одоог хүртэл би зөвхөн зовоож л байсан, одоо нэг амраанаа.”
Тэгээд нөгөө хүн арван өдрийн дараа банкнаас мөнгөө авахаар очжээ. Тэгээд зуун сая вон аваад сайн гэр, машин, гэрийн тавилга, хувцас хунар, гутал гээд л бүгдийг худалдаж авчээ.
“Хүүхдүүдээ, их дэлгүүр явъя. Машиндаа суугаарай. Авмаар юм байвал хэлээрэй.”
“Төгөлдөр хуур, хийл хөгжим...”
Мөнгө хангалттай байгаа болохоор хүүхдүүд нь сайн хувцас, гутал, цүнх хүртэл авч, бүрмөсөн өөрчлөгдсөн байна.
нэг сарын дараа Пусанд очоод тэр хоёрын хэр зэрэг байгааг сонирхон очиж уулзсан. Очсон чинь яах аргагүй л В гуайн гэр байтал нэг л өөр. Үүдэнд нь харуул нааш цааш алхаж байх юм.
Харуулаас асуулаа.
“Энэ В гуайнх мөнүү?”
“Тиймээ.”
“Би Сөүлээс ирсэн хүн байна. Гэрийн эзэнтэй уулзахаар ирлээ.”
“Манай эзэн их завгүй байгаа. Болохгүй.”
“Тиймүү, ярьж үзмээр байх юм.”
“Сөүл хотоос Паг Угсу гэдэг хүн ирээд тантай уулзана гэнэ. Оруулах уу?”
“Юу гэнээ, Паг пастор? Хурдан оруулаарай. Миний ийнхүү сайн амьдарч байгаа нь тэр хүний ач буян.”
Гэрт нь орсон чинь сайхан хүрээлэнд теннисний ширээ, усан сан ч байлаа. Их өөрчлөгдсөн байлаа. Гэрийн эзэн гүйн гарч ирээд
“Энэ бүхэн пасторын ач тус биш үү?”
Идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэж байгаа бүхэн өөрчлөгдсөн байлаа. Бүгд өөрчлөгджээ.
Тэднийд баяр хөөртэй байж байгаад, хоёрдахь өдөр нь А гуайнд очиж үзэхээр явлаа. Асууж сурагласаар очсон чинь нэг жижигхэн өрөөнд гэрийнхэн нь бүгдээрээ амьдарч байлаа. Хаалга тогшоод оронгуут
“Пастор аа, та орно уу. Өдөрт арван сая вон өгсөнд ямар их баярласан гээч.”
Өдөр бүр арван сая вон өгсөн байтал идэж уух, өмсөж зүүх зэрэг бүх зүйл нь яг урьдын адил байсан бөгөөд амьдралд нь ямар ч өөрчлөлт байсангүй.
“Үгүй ингэхэд чи, би мөнгө явуулаагүй байна уу?”
“Өгөлгүй яахав.”
“Тэгвэл мөнгөө яасан бэ?”
“Их хайран юм болохоор нь сайн гэгч нь боож баглаад далд хийсэн.”
Энэ хоёр хүн хоёулаа ивээлийг авсан ч нэг хүний бүх юм нь өөрчлөгдсөн байхад, нөгөө хүн нь ямар ч өөрчлөгдсөн юмгүй хэвээр байна. Гэмийн уучлалыг авсаны дараа бид итгэлээр амьдрах хуулийг мэдэх хэрэгтэй. Та бүхэн Эзэний ивээл дунд амьдарвал өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Тиймээс та бүхэн, үүнийг л сайн мэдэхгүй бол ивээлийг авсан ч дахин хуучин руугаа буцаад, нохой бөөлжсөнөө дахин идэж, гахай угаасан ч дахин бохир газар хэвтдэг шиг болж орхино. Тиймээс гэмийн уучлалыг аваад Есүс Христийг хүлээн авсаны дараа Эзэний надад өгсөн ивээлийг хэрхэн эдэлж байгаа ньчухал юм.
Би цэрэгт явахаасаа өмнө гадаад руу авралын зар түгээгчээр явахаар бэлтгэл хийж байсан. Буурай орнуудад очвол хорхой шавж хүртэл идэх болно гээд хоол л бол юу ч хамаагүй идэх дасгал, мөн унтаж босох дасгал зэрэг авралын зар түгээгч болоход хэрэгтэй бэлтгэлүүдийг хийсэн юм. Гадаад руу явах бэлтгэл хийж байгаад цэрэгт явах болсон. Гэтэл яг халагдах гэж байтал
“Чи гадаад явалгүй цэрэгт олон хүмүүст гэмийн уучлалын талаар үгийг гэрчил.”
гэсэн ариун сүнсний удирдлагыг тодорхойгоор авсан юм. Үүнээс хойш Бурхан өдөр бүр гайхамшигтай замыг нээж өгсөөр өнөөдөр ч гэсэн Эзэний ивээлээр би та бүхний өмнө зогсож байна.
Яг цэргээс халагдмагц яаж хийхээ мэдэхгүй үе байсан. Гэтэл Тэгүгээс галт тэргээр нэг цаг явах газарт байдаг Кимчонд авралын зар түгээхийг хүслээ. Надад мөнгө, гэр орон, юу ч байхгүй боловч “Бурхан надтай хамт байгаа. Бурхан миний бүх хэргийг удирдана.” гэсэн итгэл төрлөө.
1968 оны 6 сарын 8нд цэргээс халагдаад, нэг ч зоос байхгүй байсан боловч авралын зар түгээхээр Кимчон руу явах боллоо. Тэр үед Сөүлийн Шиллим дүүрэгт цуглаан хийж байсан бөгөөд хүүхдүүд ихэд ирсэнд тэдэнд библийн тухай ярьж өгөөч гэсэн хүсэлт хүлээн авлаа. Ямар их баярласан гээч, хурдхан л очлоо. Одоо Сөүлийн их сургуулийн байр байдаг газар бөгөөд урд нь бэлчээр байсан юм. Нэг долоо хоногийн турш цуглаан болгоны дундуур хүүхдүүдийг суулгаад библийн тухай ярьж авралын зар түгээсэн. Цуглаан дуусангуут зохион байгуулах газраас хөлс гээд тэр үеийн мөнгөөр 3500 вон өглөө. Цэрэгт байхдаа 360 воны цалин авдаг байсан хүн жилийн хөлсөө нэг дор авсан хэрэг байлаа. Ямар ч гэсэн тухайн үед надад маш их мөнгө байв. “Энэ мөнгөөрөө Кимчонд очоод нэг өрөө аваад авралын зар түгээе.” гэж бодлоо. Тиймээс Эзэний удирдсаны дагуу идвэл идэж, өлсвөл өлсөж... Есүс надтай хамт байгаа болохоор айх зүйл байсангүй. Кимчонд очоод өрөө олохоор явж үзлээ. Жижиг хоёр өрөө олдсон бөгөөд түрээс нь далан мянган вон гэв. Кимчоны доод захаас дээд зах хүртэл явж үзвэл билльяард ч, гуанз ч, ширээний теннисний газар ч байлаа... Байшин барилга их байв.
“Бурхан ааваа, дэлхийн бурхад өөрсдийн хүмүүстээ тийм байшингуудыг өгсөн байхад Бурханы хүү авралын зар түгээхэд хэрэгтэй байшинг яагаад өгөхгүй байх билээ? Байшин өгөөч.” Хэмээн залбиран явж байлаа. Тэгсэн ч байр олдсонгүй. Нэг хоёр хоног залбирсан ч хариу огт байхгүй байлаа. Гэмийн уучлал авсаны дараа залбирах л юм бол бүгд биелэгдэнэ гэж үзсэн байтал тэр үед ерөөсөө хариулт байхгүй байлаа. “Ингэвэл яах вэ. Энд авралын зар битгий түгээ гэсэн үгүү?” Янз бүрийн юм бодогдлоо. Мөнгө байхгүй байсан ч байр хөлслөхөөр өдөр болгон боломж л гарвал Кимчон руу явдаг байв. Тэр өдөр ч гэсэн оччихоод буцаж явсан бөгөөд автобус дотор нэг гадаад хүнтэй тааралдлаа. Надаас арваад ах хүн байсан ба автобусанд түүнтэй ярилцлаа.
“Та юу хийдэг вэ?” гэсэн чинь “авралын зар түгээгч” гэнэ.
“Хаашаа явж байна вэ?”
“Аялж явна.”
“Ямар аяллаар вэ?”
“Юм үзэж сонирхож байна.”
“Авралын зар түгээгч мөнгө аваад авралын зараа түгээх биш аялал хийж яваа юмуу?”
Би Бурханы ажлыг хиймээр байсан ч мөнгө байхгүйгээсээ чадахгүй байхад... гэсэн бодол төрөөд тэр хүнийг ихэд зэмлэлээ. Гэтэл их сонин. Тэр хүн ингэж хүслээ.
“Ноён Паг:”
“За”
“Би танайд очиж нэг хоног байж болохуу?”
“Тэг л дээ.”
Цэрэгт явахаас өмнө тухайн үед авралын зар түгээгчид бэлтгэгддэг газар байсан бөгөөд их уудам хөндий тал байлаа. Уух ус ч байхгүй, тэр тосгонд шүдний сойзтой хүн ч байдаггүй үе байлаа. Сувгийн ус уугаад байсан чинь нөгөө авралын зар түгээгч манайд байхдаа байнга сувгийн ус ууж байснаас очсон өдрөөсөө хойш жорлон руу гүйж ихэд зовсон юм. Дараа нь “Ноён Паг, намайг үхвэл цогцсыг минь эхнэрт минь явуулаарай гэж хүсэж байна.” гэж ч хүртэл хэлдэг байлаа. Нэг долоо хоног өнгөрсний дараа надаас ингэж хүслээ.
“Ноён Паг, би тантай хамт нэгхэн жил хамт амьдармаар байна, тэгж болохуу?”
“Тэг л дээ. Харин бид Кимчон руу очоод Бурханы ажлыг хийх тул тэнд очоод байр олоод хүрээд ирнэ үү.”
Хэд хоногийн дараа гэнэт нөгөө авралын зар түгээгч машинд суугаад манайд ирлээ.
“Ноён Паг, намайг сайн сонс. Кимчонд ажиллая гэвэл байр хэрэгтэй, Бурханы өгсөн мөнгө гурван зуун тавин мянган воныг аваад ирлээ. Үүнийг би өгч байгаа биш болохоор аваад хэрэглэхгүй юу.”
Тэрээр намайг мөнгийг авахгүй байх вий гэж санаа зовсондоо яахаа мэдэхгүй байдалтай байлаа.
“За, би танаас энэ мөнгийг авч байгаа биш, харин та Бурханд өргөөд, би Бурханаас авлаа. Одоо та надад мөнгө өгөөгүй болно.”
“Тиймээ, өгөөгүй.”
Бурхан гайхамшигтай аргаар бидэнд гурван зуун тавин мянган воныг өглөө. Би одоог хүртэл Эзэний ажлыг хийж ирэнгээ хэнээс ч тусламж гуйж байсангүй.
Нөхдөө, би та бүхэнд Бурханы ажлыг хийж байхад надад тохиолдсон гайхамшигтай хэргүүдийг хэлэх болгондоо нулимс гарч хэлж чаддаггүй. Бид гэмийн уучлалыг авсан Бурханы хүүхэд учраас Бурхан бидний бүх залбирлыг сонсоно. Дөнгөж цэргээс халагдсан хүн яаж хорвоогийн явдлыг мэдэх вэ? Гурван зуун тавин мянган вон байвал Кимчонд сайн байр худалдаж авч чадах байсан ч, түүнийг ч мэдэхгүй хоёр зуун мянган воноор түрээсийн байр оллоо. Үлдсэн зуун тавин мянгыг нь авралын зар түгээхээр явна гээд энэ тэр зүйлд зарцуулав.
Бурханд итгэдэг хүн гээд хэцүү байдал тулгарахгүй байх биш юм. Харин хэцүү байдал тулгарсан ч тэр бүхэн нь нийлээд сайныг бүрдүүлдэг. Гэрийн эзэн нь байраа банкинд барьцаалаад өртөй болоод зугтчихсан байлаа. Тэр үед би бүх газраар цуглаан хийж явсаар байнга завгүй байсан бөгөөд нэг өдөр хүмүүс
“Асуудал гарлаа. Манай гэр банкны мэдэлд орчихож.” гэлээ. Нэг сарын дараа банкны салбарын дарга ирлээ. Байр банкны мэдлийнх болсон болохоор хурдан чөлөөлж өг гэлээ. Гараад очих газар ч байхгүй болохоор үнэхээр хэцүү байлаа. Эзэнд залбирлаа.
“Бурхан ааваа, би дэлхийн хэргийг сайн мэдэхгүйгээс ийм алдаа хийлээ, одоо яах вэ? Гарах газар алга. Бурхан минь, таны боол гудамжинд амьдрахыг таалахгүй биз дээ? Надад нэг гэр өгөөч.”
Ямар ч хариулт байсангүй. Нэг удаа залбирч байсан чинь “Чи зүгээр залбираад байлгүй гэр олохоор гараад үз.” гэсэн бодол төрлөө. Тэгээд хотын төв рүү очоод үзсэн чинь хоёр давхар нэг гэр байсан ба уудам заалтай, олон өрөөтэй байр байв. Эзэнтэй уулзсан чинь хоёр зуун мянган воноор түрээсэлнэ гэлээ. Тиймүү гэсэн ч мөнгө байж түрээсэлнэ биз дээ. Гэртээ ирсэн чинь банкны салбарын дарга хэд хэдэн удаа ирсэн гэлээ. Тэр өдөр ч гэсэн цуглаандаа явахаар өглөө эрт цүнхээ үүрээд яг гарах гэж байсан чинь уулзахаас дургүй байсан банкны салбарын дарга эрт уулзахаар ирлээ.
“Яагаад ингэж уулзахад хэцүү байдаг хүн бэ?”
“Завгүй байна. Одоо цуглаандаа явах гээд...”
“Ярилцах зав алга уу?”
“Одоо яг завгүй байнаа.”
“Тэгвэл одоо яахав. Би ч гэсэн дагаад явъя.”
Намайг автобусанд суусан чинь банкны салбарын дарга ч бас суулаа.
“Паг аа, миний байдал их хэцүү байна. Би гэрийн эзний байр байдлыг мэдэхгүй барьцааны баталгааг бичсэн болохоор яавал дээр вэ?”
Би тэр хүнд Бурханд итгэ гэж хэлэхүү яахав гэж эргэлзлээ. Яагаад гэвэл Есүст итгэ гэж хэлбэл сул тал маань мэдэгдэнэ. “Есүст итгэ гэж хэлэхгүй шууд түлхээд гарчихвал...” гэтэл Бурханы өмнө залбирсан чинь “Бурхан шийдвэрлэх юмыг чи шийдвэрлэнэ гэж байна уу? Чи энэ тухай ярих хэрэгтэй биш үү? Тиймээ. Би чадахгүй, харин Бурхан хийх ёстой юм чинь ярих хэрэгтэй.” Сэтгэлдээ ингэж шийдлээ.
“Эрхлэгчээ, Би хоёр зуун мянган вон авч чадаагүй болохоор гарахгүй байгаа юм биш, гарах гэхээр очих газар алга. Тэгээд эзэндээ мэдэгдсэн чинь одоо болтол хариу ирээгүй байна. Хариу ирэнгүүт суллаж өгөх болохоор санаа зоволтгүй явагтун.”
Тэгсэн тэрээр асуулаа.
“Эзэн чинь хэн бэ?”
“Манай эзэн их сайн хүн байгаа. Есүс Христ юм.”
Эрхлэгч нүдээ том болгон дахин асуулаа.
“Паг та итгэгч хүн юмуу?”
“Тиймээ.”
Би Есүс надад тусалж байсан талаар ярилаа. Тэгсэн тэр гарыг минь бариад
“Паг ахаа, би шашингүй. Гэхдээ таны яриаг сонссон чинь нэг юмыг мэдрээд байна. Ямар ч гэсэн сайн залбираад асуудлыг хурдан шийдэж өгөөрэй.” гэлээ.
Залбирч байсан ч гэсэн санаа зовж байлаа. Цуглаан хийж байхдаа бүгдийг мартаж чадаж байв. Гэвч машинд суугаад гэртээ ирэх л юм бол санаа зовж байлаа. Гэр маань давхарлаг өрөөтэй байсан бөгөөд нэг өдөр дээшээ гарч, хаалгаа хаагаад өөрөө ч мэдэлгүй нулимс дуслуулан чанга дуугаар залбирлаа. Гэрт байсан хүмүүс гайхсандаа айсан гэсэн. Тэр үед би аймар харагдсан юм шиг байгаа юм. Нэг өдөр залбирч байсан чинь “Чи түрүүн очиж үзсэн хоёр давхар байрыг очиж үз.” гэсэн бодол төрлөө. Тэр байр хямдхан юм чинь одоо түрээсэлсэн байлгүй дээ гэж бодоод очиж үзсэн чинь хэвээр “Түрээсэлнэ.” гэж бичээстэй байлаа. “Бурхан надад энэ гэрийг өгөх гэж байгаа юм шиг байна.” гэж бодоод нэг ч зоосгүй мөртлөө тэр гэрт очлоо. Хүүхдүүд л байгаа учраас “Байр хайж ирсэн хүн” гэж хэлчихээд буцаад явсанаа орой нь дахиад очлоо.
“Хоёр давхар байр асуухаар ирлээ.”
“Аа, өдөр ирсэн хүн үү?”
“Тиймээ.”
Би тодорхой ярилаа.
“Би Бурханы боол хүн. Энэ хотод Бурханы үгийг гэрчлэхээр ирсэн юм. Энэ хотын нэг хүн надад хохирол учруулаад би гэрээсээ гарах хэрэгтэй болсон ч очих газар байдаггүй. Би энэ асуудлын талаар Бурханд сарын өмнөөс залбирсан боловч Бурханы удирдлагыг одоо хүртэл сайн мэдэхгүй л байна. Харин энэ гэр миний санахад Бурхан надад өгсөн гэр юм шиг байгаа мөртлөө надад нэг ч мөнгө алга. Энэ байрыг өгье гэвэл өгөөрэй, үгүй гэсэн ч болно. Битгий өрөвдөөрэй. Бурхан зайлшгүй бэлтгэж тавьсан л байгаа.”
Би бараг гучин минут ярилаа. Ярьж дууссаны дараа байрны эзэн таван минут орчим чимээгүй юм бодож байснаа хэллээ.
“Би хотын төвд байдаг цуглааны ахлагч хүн. Бурхан хотын төв замын хажууд надад ийм сайн байрыг өгсөн байхад би Бурханы боолын хэрэглэе гэснийг болиулж болох уу?”
Би түүний хэлснийг зүүд үү, эсвэл бодит байдал уу гэдгийг бараг мэдэхгүй шахам баярлан хөөрлөө. Яг тэр үед ахлагчийн охин өрөөнд төгөлдөр хуураар магтан дуу дарж байсан болохоор би тэнгэрт байна уу газар дээр байна уу гэдгээ мэдсэнгүй. Эзэн үнэхээр амьд байлаа. Нулимс хүртэл гарлаа, ямар их талархсан гээч...
Явах болсонд ахлагч гарыг минь атгаад
“Гэхдээ... Зүгээр ирвэл хэн хэнд маань эвгүй болохоор хэр зэрэг мөнгө авчирч чадах вэ? Авчирч чадах хэмжээгээрээ авчирвал сайн байна. Хэд ч яахав.”
Тиймээс би өөрөө ч мэдэлгүй зүгээр л “Наян мянган вон өгнө.” гэчихэв. Амаа барих гэсэн боловч хэдийн хоцорсон байлаа. Тэрээр
“Сайн байна. Тэгье.” гээд долоо хоногийн дараа нүүж ирэхээр боллоо. Наян мянган вон хичнээн их мөнгө билээ... Тэр үед ах эгч дүүс маань хэдүүлээ байсан ч хэллээ гээд санаа л зовохоос өөр яах билээ?”
“Эзэн минь, би өөрөө ч мэдэлгүй наян мянган вон гэчихсэн, Эзээн, үүнийг та олж өгөөч.”
Өвдөг сөгдөн залбирлаа. Хаалга дуугарах болгонд л хэн нэг нь мөнгө авчирч байгаа юм биш байгаа гэж бодогдоно. Нэг хоног, хоёр хоног өнгөрч, дөрвөн хоног өнгөрсөн ч... Сураг чимээ байдаггүй. Тавдахь өдрийн үдээс хойш нэгэн эмэгтэй
“Энэ гэр л юм шиг байх юм.” гэсээр орж ирлээ. Харсан чинь миний таньдаг хүн байлаа. Анх Кимчонд ирээд байр олоод тавин мянган вон өгсөн чинь тэр байр нь банкинд тавигдах болоод гэрээ цуцалсан юм. Тиймээс тэр хүн надад тавин мянган вон өгөх байсан. Хэд удаа авахаар очсон боловч хүн байхгүй байдаг байсан бөгөөд нэг өдөр оройн 11 цагийн үед уулзаад хэлсэн чинь
“Багшаа, манай шүүгээг аваад яв даа. Өгөх мөнгө үнэхээр алга.” гэж байсан юм. Тэгээд би эднийхээс ч мөнгө авах өнгөрлөө гэж бодоод түүнээс хойш мөнгө авах гэж очихоо больсноос хойш мартсан байлаа. Тэгсэн нэг жилийн дараа айлын эзэгтэй хүрч ирэв.
“Багш аа, үнэхээр уучлаарай. Өр ихтэй болохоор өдөр бүр л өрөө авах гэсэн хүн ирэх юм. Харин бусад хүмүүсийн мөнгийг өгч чадахгүй байсан ч, таны мөнгийг өгөхгүй байж чадахгүйнээ. Яагаад гэдгийг өөрөө ч мэдэхгүй юм. Өнөөдөр дөчин мянган вонтой болсон, гэрт очвол өрөө нэхсэн хүмүүс ирэх болохоор наашаа шууд ирлээ. Эхлээд энэ дөчин мянган воныг авч байхгүй юу, дараа нь үлдсэнийг нь өгье.”
Хүний сэтгэл гэдэг их сонин юм.
“Арван мянга нь зүгээрээ.”
Яагаад тэгж хэлсэн юм болоо...
“Баярлалаа. Баяртай.”
Дөчин мянган төгрөгийг тав таван зуутаар нь цагаан алчуурт боосон байсан бөгөөд би түүнийг бараг зуун удаа тоолж үзсэн байх. Уйлан байж тоолж, залбиран байж тоолж билээ. Дөчин мянган төгрөг, энэ бол яах аргагүй Эзэний гайхамшгаар илгээсэн зүйл болохоор үлдсэнийг нь ч шийдвэрлэж өгнө гэсэн сэтгэл төрлөө. Тэгээд тэр өдрөө банкны салбарын эрхлэгчтэй очиж уулзлаа.
“Эрхлэгчээ, Бурхан одоо байр олж өгсөн болохоор нүүхээр болсон. Нөгөөдөр нүүнэ. Тэр үед ирээрэй.”
“Паг ахаа, би ч гэсэн хүүхэдтэй хүн, залуу хүний замыг хааж байгаа юм шиг санагдаад үнэхээр уучлаарай. Би улсын их хурлын гишүүн болох санаатай байгаа... Паг ахаа, надад хүйтэн хөндий битгий хандаарай.”
Тэгээд мөнгөний хайрцаг руугаа очоод мөнгө тоолж авчирч өгөв.
“Паг ахаа, үүнийг хүнлэг сэтгэлээр хүлээн авна уу.” гэсэнд машид баярлан
“Үнэхээр баярлалаа.” гээд авлаа. Ганц аяга цай ч болов уугаад яваач гэсэн боловч, өгсөн мөнгө хэд байгаа бол гэхээс удаан байж чадсангүй. Хашааны булан тойрмогц тоолж үзлээ. Ай, арван мянган төгрөг байлаа. Тухайн үеийн арван мянган вон ямар их мөнгө гээч. Наян мянган төгрөг хараахан бэлэн болоогүй байсан боловч би Бурханд байнга магтаалын дуу өргөхөөс өөр аргагүй байв. Бурхан надтай хамт ажиллаж байгааг харахдаа ямар их талархдаг гээч.
Түүнээс хойш цуглаан хийж ирсэн өнөөг хүртэл олон хүмүүс намайг шан хөлс их өгдөг цуглаанд ирээч гэж уруу татдаг байлаа. Гэвч би Бурханы боол болохоор Бурханы удирдлагаар “Миний хэрэгцээ тэнгэрээс буун ирдэг.” Гэсэн бат итгэлтэй байдаг. Тиймээс би энэ удаагийн цуглаанаас шан хөлс авахыг хүсэхгүй. Миний амьдралыг Бурхан захиран байгаа учраас юм.
Одоо гучин мянган вон үлдсэн байлаа. Хоёрхон хоног үлдсэн байсан ч ерөөсөө санаа зовсонгүй. Удалгүй утас дуугарлаа. Найз маань байв.
“Чамайг хэцүү байдалтай байгаа гэж сонслоо. Найзын тусалж чадахгүй байгаад уучлаарай. Бизнес маань саяхан эхэлсэн болохоор хэцүү байгаа хэдий ч манайд хорин мянган вон байнаа, чи хэрэглэ. Боломж гарвал төлөөд, чадахгүй бол зүгээрээ.”
Санаанд ч ороогүй хүн тийнхүү тусалж, би хорин мянган вон оллоо. Тэгсэн ч одоо арван мянган вон дутаж байв. Тэр үед хамт авралын зар түгээж байсан ах дүү нараа бүгдийг цуглуулаад байгаа мөнгөө бүгдийг өгөхийг хүсэв. Бүгд байгаагаа гаргаж, бүр арван воноо хүртэл өгөөд бүгдийг тоолоод үзсэн чинь найман мянган вон болж байлаа. Нүүх өдөр боллоо. 1970 оны 4 дүгээр сарын 19ний өдөр, бороо шивэрсэн өдөр нүүсэн юм. Тэр өдөр мартагдахын аргагүй байв. Нөгөө хүмүүстээ нүүгээрэй гэж даатгачихаад би тэр өдөр авралын зар түгээхээр гарлаа. Нэг айлд авралын зар түгээгээд гарч ирсэн чинь бороо орж байлаа.
“Бороо орж байхад...” гэж тэр айлын хүмүүс санаа зовов.
“Зүгээрээ, Есүс ч гэсэн бороо орж байхад норж л байсан байх.”
Ирж явахад толгойд нэгэн бодол зурсхийн орж ирлээ.
“Эзэн минь, та энэ дэлхийд байхдаа нэг ч гэр, нэг ч өрөөгүй байсан биз дээ? Солих хувцас ч үгүй амьдарсан Эзэн минь, та бороотой ийм өдөр хэний гэрт орон борооноос зайлан, хүйтэн өвөл яажшуухан байсан бэ? Говь цөлд хүмүүс үгийг сонсож байгаад шөнө болоход бүгд л өөрсдийн гэр лүүгээ явж байсан ч, эзэн танд унтах газар байхгүй уул руу гарч, залбирсан биз дээ? Эзэн дэлхийд байхдаа тэгж зовж амьдарсан байхад над мэтийн ийм боол хэн гээд намайг бодож байх газар хүртэл бэлдэж өгсөн бэ?”
Нулимс өөрийн эрхгүй дуслан тэвчих арга байсангүй. Ямар ч гэсэн, гэмийн уучлалыг авсанаас хойш Есүс надаас хэсэг зуур ч салаагүй бөгөөд хэцүү байх үед юмуу сайн зүйл тохиолдох үед ямагт намайг асран хамгаалж байсан.
Нөхдөө, энэ удаагийн Пусаны цуглааныг хийхээр зурагтаар нэг удаагийн зарлал явуулахад их үнэтэй байсан. Тиймээс нэг цуглаанд очоод хажууд байгаа хүнээсээ зураг дараад өгөөч гэлээ. Олон талаас нь янз бүрийн байдлаар авхууллаа. Нэг хальс дарсан бөгөөд түүнээс нэг л зураг нь зүгээр гарсан байсан бөгөөд түүнийгээ зурагтаар гаргахаар болсон юм. Тийм зураг нэгийг гаргая гэвэл багаар гэхэд зуун мянган вон орно биз дээ? Тэгээд МВС сувгийн шашны нэвтрүүлгийг хийж өгөөгүй. Мөнгө ч хэрэглээгүй байсан чинь тэд
“Пастор та Пусаны иргэдийн төлөө цуглаан хийж, манай нэвтрүүлэг ч гэсэн ард түмний төлөө байгаа болохоор бид уг нь үнэгүй хийх ёстой байсан юм, уучлаарай.” гэлээ. Түүнчлэн иргэдийн төлөө хийдэг нэвтрүүлэгт хямдралтай үйлчилгээ гэж байдаг гэнэ. Тэгээд маш хямдхан үнээр хийсэн. Сурталчилгаа, зарлал, энэ бүхэнд ч Бурхан бидэнтэй хамт ажилласан. Бид үүнийг бэлдэнгээ
“Бурхан Пусаны ард иргэдэд гэмийн уучлалын тухай ярихыг таалж байна даа. Пусаны иргэд цуглаанд байнга явдаг хэдий ч гэмээс болоод зовж шаналж, гашуудаж байгааг хараад ихэд харамсаад Бурхан энэ цуглааныг удирдсан юм байна.” гэдгийг тодорхой мэдэж чадсан. Миний сэтгэл үнэхээр баярлаж байлаа.
“Над шиг ийм мунхаг хүнийг хэрэглэж байгаа Эзэн, талархаж байна.”
Би цуглааныг удирдаж байхдаа сэтгэлдээ байнга уйлдаг.
“Бурхан минь, баярлалаа.”
Орой болгон гэмийн уучлалыг авахаар гараа өргөн гарч ирэх хүмүүс... Цуглааны дараа пасторууд цуглаад тэр өдөр болсон зүйлсийг харилцан залбирдаг бөгөөд зөвлөгөөний бичгийг харангаа энэ хүн, бас энэ хүн гэмийн уучлалыг авсан гэх болгонд бидний сэтгэл үнэхээр баярламаар байдаг.
Та нар ч гэсэн гэмийн уучлалыг авч, баттайгаар дахин төрсөн бол Есүс та бүхэнтэй хамт байгаа. Цаашдаа та бүхэн ганцаараа биш. Одоо Есүс та бүгдийг бат бариад үхлийн голыг гатлан мөнхийн тэр улс руу очих хүртэл бидний гарыг ерөөсөө тавихгүй гэдэгт баттай итгэж байна.
Энэ хавар манай эмээ нас барсан юм. Гёнбүг аймгийн Сөнсан төрсөн нутаг нь бөгөөд аав маань ч, ах маань ч нас барсан болохоор би ар гэрээс нь ганц гол гашуудагч хүн байлаа.
Хоёрдахь өдөр оршуулгын өдөр байсан бөгөөд  харин тэр өдрийн оройноос би сэргээлтийн цуглааныг удирдах ёстой байв. Оршуулгын ёслол гүйцэтгэхээр Сөүлээс хөдөө очсон бөгөөд бүх юм маш яаруу давчуу болохоор бараг шөнө нойргүй хонолоо. Хоёрдахь өдөр гашуудлын будаалгаа дуусгаад гэрийнхээ настнуудад байр байдлыг илтгээд машинд суугаад яаравчлан Сөүлд ирсэн чинь оройн зургаан цаг болсон байв. Оройн хоолоо хам хум идсэн болоод цуглаан удирдлаа. Тэр долоо хоногт их завгүй байсан болохоор тун ч ядарлаа.
Цуглаан дуусгаад хагас сайн өдөр жаахан амаръя гэж бодсон ч, авралын зар түгээгчийн библийн хичээл ч хийж, итгэгч айлуудын гэрээр ч явж амрах зав байсангүй. Тэгж байж байгаад орой эртхэн хэвтсэн чинь долоон цагаас гэдэс өвдөж эхэллээ. Бүр хүчтэй өвдсөөр арван цаг гэхэд тэсэхийн аргагүй болохоор нь цуглаан руу утастаад машин явуулахыг хүс гэж эхнэртээ хэлэв.
Шөнийн нэг цагийн орчимд эмнэлэгт хэвтлээ. Бүхэл өдөржингөө зүгээр болсонгүй. “Миний үхэх цаг болсон юм шиг байна.” гэсэн бодол амьдралд анх удаа төрлөө. Шөнө байсан болохоор мэргэжлийн эмч нар нь байхгүй, дадлагын эмч нар нь ирээд үхэх шахаж байгаа надаас байнга яаж байгааг л асууж байв. Өвчнөө хэлэхээр дахиад өөр хүн ирээд дахин асууж, бараг тав зургаан удаа нэг л юмаа давтан хэлж байлаа. Өвдсөндөө ухаан орж гарч байсан ч “Дараа эмнэлэгт ирэхдээ дуу хураагч заавал авчрах юм шүү.” гэсэн бодол төрөв. Эмч ирээд рентген зураг авсан чинь гэдэс мушгираад бүр наалдчихсан байжээ. Тэгээд хамар хаймран гуурс хийгээд ус гаргасан чинь их зовлонтой байлаа.
Хүлээн авах өрөөнөөс гараад хэвтэж байхдаа би Эзэнийг бодлоо. “Ким үйлчлэгч цуглаанд байгаа юм чинь сайн байгаа.” “Гэрийхнээс хоёр хүүхэд маань гэмийн уучлалыг авч, эхнэр маань Эзэнтэй хамтдаа байвал сайн амьдарна...” Энэ тэрийг бодсон ч цэгцтэй зүйл нэг ч байхгүй байсан боловч, “Арван жил илүү амьдарсан бол сайнсан...” гэж бодогдлоо. Гэвч арван жил амьдарчихаад тэр үед дахиад үхэл тулгарахад “Арван жил илүү амьдарсан бол..” гэж бодох байх даа гэхээр үхлийн өмнө сэтгэл маань тийм ч амар тайван биш бололтой.
“Намайг энэ дэлхийгээс явахад хайртай Эзэн минь намайг угтана шүү дээ. Эзэний өмнө очвол хэлэх үг их байна. Тэр үед надад жаахан эртхэн туслахгүй яасан юм бэ? Зөндөө юм яринаа.”
Би нойрон дундаа уйлж байлаа.
Би 1962 онд гэмийн уучлалыг авсанаас хойш надаас олон хүмүүс салж явсан боловч Эзэн надаас нэг ч удаа салж яваагүй юм. Эзэний өмнө би сайн ч хийж, муу ч хийж явсан боловч, Эзэн ямагт миний дэргэд байж, намайг орхиогүй. Одоо Эзэний гараас бариад үхлийн голыг гатлан мөнхийн улсад Эзэнтэй хамт амьдарна гэж бодохоор “Намайг үхвэл миний эхнэр хүүхдүүдийг намайг байснаас илүү хамгаалж өгөхийг Эзэнээс хүснэ.” гэх сэтгэл л байсан бөгөөд их амар тайван байлаа. “Үнэхээр гэмийн уучлал авах нь ийм эрхэм ерөөлтэй юмаа.” гэж бодогдлоо.
Азаар эмч хагалгаа хийх хэрэгтэй гээд мэс заслын тасаг руу шилжүүллээ. эмч надад хэллээ.
“Гэдэс түгжрээд 24 цаг болоход хүн нас бардаг боловч, маш ховор тохиолдолд хоёр цагийн дотор зүгээр болдог хүн байх нь бий. Тиймээс хэцүү байсан ч тэсэхүү? Хийн хэрэгсэлтэй болвол хэлээрэй.”
Маргааш нь бүтэн сайн өдөр байсан бөгөөд итгэгчид цуглаанаа дуусгаад эмнэлэг рүү ирлээ. Дэргэд минь үргэлж байж байгаад оройн мөргөлтэй гээд бүгд явсан тэр үед хийн хэрэгсэлтэй боллоо. Ямар үнэтэй байсан гээч. Зовлон гунигтай үед ч, уйтгартай үед ч одоо би ганцаараа биш. Үхлийн голыг гатлах үед ч би ганцаараа биш учраас одоо тэр өдрийг хүлээнгээ өдөр бүр амьдарч байна.
Шүүгчдийн номын 15 дугаар бүлгийн 13 дугаар ишлэлд гарч байгаа Самсун бүдүүн олсоор чанга гэгч нь хүлэгдсэн тухай гарч байна. 14 дүгээр ишлэлийг бүгд хамтдаа уншия.
“Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. Эзэний Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.”
“Пастор аа, би завгүй болохоор яаж гэмийн уучлалыг авдгийг л хэлээд өгчих.” гэдэг хүмүүс их байдаг. Гэмийн уучлалыг авахаар гараа өргөн гарч ирсэн мөртлөө пастор юмуу үйлчлэгч түүнд библийн тухай яривал
“Үүнийг орхиод гэмийн уучлалыг хүртэл аргыг л хэлээд өгөөч.” Гэдэг хүн бас бий. Гэхдээ гэмийн уучлалын талаар тэгж хэлж болдоггүй.
Гэмийн уучлалын талаар ярихад толгойгоороо бүгдийг ойлгодог ч, сэтгэлд нь гэм нүгэл хэвээр үлдэн байдаг хүн бий. Тийм хүний сэтгэл гэм нүглээс хараахан чөлөөлөгдөж чадаагүй. Ариун Сүнс хүчтэйгээр үйлдэх үед сэтгэлд нь байгаа гэмийн төмөр гинж тайлагдах бөгөөд Ариун Сүнс үйлдэхгүй бол онолын хувьд Есүс миний гэмийн угаасан гэж мэдсэн ч гэм нь шийдвэрлэгдсэн гэсэн сэтгэл төрөхгүй, сэтгэлд нь хэвээр эвгүй зүйл үлдсэн байдаг. Самсон хэдийгээр бүдүүн олсоор хүлэгдсэн байсан хэдий ч Ёховагийн сүнс буун ирэнгүүт тэр олс нь шатсан маалинган утас мэт тасарч унасан.
Та нарын сэтгэлийн хүлж байгаа ямар нүгэл байсан ч Ариун Сүнс буун ирэхэд зүгээр л тайлагдчихна. Энэ бол аврал юм. Зарим хүмүүс үүнийг сайн мэдэхгүй учраас “Есүс миний бүх гэмийг угаасан.” гэдэг үнэнийг мэдвэл л гэмийн уучлалыг авсан гэж боддог. Зарим нь хүлээн авсан залбирал хийх л юм бол гэмийн уучлал авсан гэдэг. Энэ бол өөр зүйл. Бидний сэтгэл гэмээс ангижирч байж аврагдаж, дахин төрнө. Сэтгэл минь гэмээс чөлөөлөгдөх ёстой юм.
Самсон шинэхэн олсоор хүлэгдсэн байсан мэт өнөөдөр олонх хүмүүс гэмийн зэм юмуу айдас дунд хүлэгдсэн байдаг. Тэрхүү олс бүрэн тайлагдах нь Бурханы ариун Сүнсний эрх чадлаар болно. Тиймээс бид энэ удаагийн цуглааны өмнө Бурханы Ариун Сүнс үйлдэж өгөхийг мацаг барин залбиран гуйсан бөгөөд олон бэлтгэл хийсэн. Та бүхний дунд гэмийн уучлалыг авсан хүмүүс миний төлөө ч гэсэн байнга залбирч өгөхийг хүсэж байна. Гэмийн уучлалыг хараахан аваагүй байгаа хүмүүс залбирсан ч Бурхан сонсохгүй болохоор хэрэггүй, харин гэмийн уучлалыг баттай авсан хүмүүс Пак Угсү пасторт Ариун Сүнсний дүүргэлтийг өгч, явах газар болгон олон хүмүүс гэмээс чөлөөлөгдөх ерөөлийг өгөөч гэж залбираарай.
Тэгвэл та бүхэн гэмийн уучлалыг авсаны дараа юу болохыг дараах үгнээс уншъя. 14 дүгээр ишлэл
“Самсон Лехид ирэхэд филистчүүд уухай хадаан түүнийг угтав. Эзэний Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс нь галд шатсан маалинган утас мэт болж, уяанууд гараас нь тайлагдаж унав.”
Хичнээн бүдүүн олс байсан ч гэсэн галд шатчихвал юу ч биш биз дээ? Зүгээр үлээхэд л тасарна.
15 дугаар ишлэл
“Самсон илжигний шинэхэн эрүүний яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав.”
Одоо гэмээс чөлөөлөгдвөл шинэ хүч бий болно. Үгийг уншвал үг өөрөөр хүлээн авагдах бөгөөд залбирах маань ч өөрчлөгдөж, гартаа юу барьсан ч тэр нь үйлс болно. Урьд нь “Авралын зар түгээх юмсан.” гэдэг байсан бол, одоо уулзаад амаа л нээх юм болүйлс бий болон мянган хүн үхнэ. Эзэн хамт байвал ийм үйлс бий болно. Самсон мянган хүнийг алсан чинь ам нь хатаад харин нөгөө хүмүүстээ бүслэгдэх шахсан. Самсон Бурханд хашгирлаа. Тэгсэнд Бурхан худаг гарган ус өгсөн.
Тийм Самсон яагаад нүдээ сохлуулж, хүчтэй Самсон яагаад Филист хүмүүст баригдан, тээрмийн чулуу эргүүлдэг хүн болон хувирсан бэ? Зөвхөн хүчтэй байна гээд болохгүй юм. Удирдагч хэрэгтэй. Давид Самсон хоёрын ялгаатай тал нь Давид хүчгүй байсан ч түүний дэргэд удирдагч ямагт байлаа. Нэг өдөр Давид Үриягийн эхнэрээс болоод гэм нүгэл үйлдэх үед Бурханы зөнч Надан ирээд хатуу ширүүнээр Давидыг загнан зэмлэсэн. Давид хаан байсан боловч Бурханы жинхэнэ боолын өмнө дуулгавартай байхаа мэдэж байсан. Харин Самсон өөрийнхөө хүчинд л итгэж өөрийг нь сүнслэгээр удирдах удирдагчийг хайгаагүй.
Өнөөдөр ч гэсэн зарим хүмүүс “Аврагдсан юм чинь одоо би ганцаараа итгэлийн амьдралаа сайн байлгавал болно.” Гэж бодоод ганцаараа удирдагч байхгүй төөрөлдсөн итгэлийн амьдралаар явдаг. Хэрэв Самсонд жинхэнэ удирдагч байсан бол Делила хэмээх эмэгтэйд татагдсан байх үед нь
“Самсон аа, сэргээч. Гэмш. Юу болж байна? Делила аальгүй хүүхнээс цаашгүй. Бурханы боол яаж байна! Хурдан гар!” гэж зэмлэх байлаа. Бурханы боол байсан бол түүнийг татан авч чадах байсан бөгөөд Самсон хэдийгээр хүчтэй хүн байсан хэдий ч өөрийг нь удирдах хоньчин байгаагүй. Гэмийн уучлалыг авсан хүн байх тусмаа хоньчин хэрэгтэй. Яагаад? Бид хонь болохоос хоньчин биш юм. Би Сөүлд цуглаан удирдангаа олон итгэгчидтэй уулзаж байсан бөгөөд тэд нэгэн адил пасторт итгэдэггүй. Тэр тухай сонсох болгонд сэтгэлд минь өвддөг.
Заримдаа би албан хаагчидтай уулзаад ярилцах юм бол “Мэдээж пастор тэгээгүй байсан бол ч...” гэж хэлдэг. Үүнийг сонсоод сэтгэл их өвдөнө.
Тэр болгонд би итгэж хэлдэг.
“Битгий тэгж яриарай. Мэдээж тийм пастор байж магадгүй ч пастор бол Бурханы боол шүү дээ...”
Тэгвэл тэд
“Ямар пастор жинхэнэ гэдгийг бид мэдэж болох уу?” гэж хариу асууна. Үнэхээр өрөвдмөөр үе зөндөө. Гэхдээ жинхэнэ хоньчинг олох хэрэгтэй. Есүс Матайн 7 дугаар бүлэгт
“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун.” гэсэн. Тэгвэл хуурамч эш үзүүлэгч ба жинхэнэ Бурханы боол хоёр ямар ялгаатай вэ? Есүс ийнхүү хэлжээ.
“Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.”
Чоно хуурамч эш үзүүлэгч болоод хонины арьс нөмрөөд ирэхэд бид яаж ялгаж чадах вэ? Бид мэдэхгүй. Харин Эзэн сайн аргыг зааж өгсөн. Чоно хонины арьс нөмрөөд ирсэн ч бид түүний үр төлийг хараад мэдэж болно. Чоно хэдийгээр хонины арьс нөмрөөд ирдэг ч үр төлөө гаргавал хурга гаргаж чадахгүй. Тиймээс Есүс
“Та нар тэдний үр жимсээр нь танина.” гэж хэлжээ. Тийм учраас та нар цуглаанаа сайн сонгох хэрэгтэй. Та бүхэн Бурханы зөв боолын удирдлага доор итгэлийн амьдралаа явуулах хэрэгтэй.
Пусанд Бурханы олон боол байгаа ч мянган хүний дунд нэг, арван мянган хүний дунд нэг нь Бурханы боол биш, хуурамч эш үзүүлэгч байж магадгүйг бид мэдэхгүй юм. Яаж ялгах вэ? Үр жимсийг нь харах хэрэгтэй. Тэр хүнээр гэмийн уучлал авч байгаа үйлс гарч байна уу, дахин төрж байгаа үр жимс гарч байна уу гэдгээр үр жимсийг нь ялгах хэрэгтэй. Тиймээс та бүхэн пастор бол Бурханы бүрэн төгс боол гэж бодож байгаа бол, тэр ч гэсэн хүн учраас заримдаа алдаа гаргаж магадгүй тул түүнд итгэж сэтгэлээ бүрэн тавих хэрэгтэй. Тэгж байж та нарыг буруу үйлдсэн үед барьж чадах ба загнан зэмлэж чадна. Бидний сайн байхад удирдагч хэрэггүй. Буруу үйлдсэн үед бидэнд удирдагч хэрэгтэй. Сэтгэл санаа сайхан байхад Бурханы жинхэнэ боол шиг, сэтгэл санаа муу байхад хуурамч боол шиг байдаг гэсэн ааш зангийнхаа дагуу бүү тодорхойлоорой.
“Төлөв түвшин, их боловсролтой юм чинь...”
Ийм зүйлээр ч бүү тодорхойлогтун. Есүс битгий тэгээрэй гэсэн. Эзэний үгэнд байгаа мэт цуглааны пастороор дамжуулан гэмийн уучлалыг авч, дахин төрж байгаа Бурханы жинхэнэ боол гэж тооцож байвал түүнд бүрэн өөрсдийгөө даатгаж, түүнд итгэж итгэлийн амьдралаа явуулж чадна. Удирдагчдаа итгэхгүй байгаа хүн итгэлийн амьдралаа явуулж чадахгүй. Итгэл төрөхгүй байсан ч Бурханы жинхэнэ боол гэж бодвол бүрэн итгэх хэрэгтэй. Удирдагчаа гомдоож, сургаал зааж байхад нь “Намайг л загнадаг.” гэж зэмлэж байна гэж бодолгүй, “Надад хэрэгтэй үг байна.” Хэмээн хүлээн авахыг хүсэж байна.
Харин эхлээд тэр пастор Бурханы жинхэнэ дахин төрсөн боол мөн үү, гэмийн уучлалыг аваад Ариун Сүнсийг оруулсан хүн үү, эсвэл зүгээр библийн сургууль төгсөөд л мэдлэгээр удирдаж байгаа хүн үү гэдгийг ялгах хэрэгтэй. Библийн үгэнд байгаа шиг хуурамч эш үзүүлэгч гэж мэдэгдэх тэр үед тэндээс хөндийрөн холдох хэрэгтэй. Харин Бурханы жинхэнэ боол гэж бодсон л бол эцэс хүртэл түүний төлөө ар тал нь болж залбиран, түүнтэй хамт ажиллах хэрэгтэй гэж мэдэх хэрэгтэй. Библийн үгийг нь дагахаас биш, хүний үгийг дагавал болохгүй.
Нөхдөө, би энэхүү цуглааныг дуусгахдаа олон хүмүүсийн мэдрэмж нийлж байгааг мэдэрлээ. Та нар гэмийн уучлалыг аваад яаж амьдрахаа сайн мэдэхгүй байгаа ч, би энэ удаагийн цуглааны төлөө залбирсан.
“Бурхан минь, гэмийн уучлал авах аргыг мэдэхгүй зовж байгаа хүмүүс олон байна. Энэхүү ажлын төлөө ажилчид их хэрэгтэй байна, энэхүү цуглаанаар олон хүмүүс гэмийн уучлал аваад хүч чадалтай болж, Бурханы ажилчид гарахыг хүсэж байна. Авралын зарыг түгээхээр Хятад улс руу ч явж, Бразил, Африк руу ч, газар дундын лалын шашинтай улс руу ч амиа золин явж байгаа, мөн баян, гэм нүглээр дүүрэн Япон шиг ийм ойрын улс руу ч явах ажилчид хэрэгтэй байна. Эзэн минь, энэ удаа аврагдаж, гэмийн уучлалыг авсан хүмүүсээс нэг нь ч үлдэхгүйгээр Бурханы эрхэм боолын удирдлага доор тэжээгдэж, дэлхийн бусад хүмүүс шиг зүгээр нөхөрт гарч, эхнэр авч хүний амьдралаар сонирхолтой амьдарч байгаад нас бардаг шиг бүү амьдруулаач. Бурханы авралын зарын төлөө уйлж, Есүсээс болоод алгадуулж, мөн Есүсүийн учраас өлсөн, зовж зүдрэн, хэцүү бэрхшээлийг амсаж байгаад Эзэнтэй илүү ойрхон хүн болгож мөнхийн улсад бидний байлгаж, сэтгэл хөдлөм гэрчлэлүүдийг хуваалцуулж өгөөч.”
Би энэ удаагийн цуглаанаас гэмийн уучлалыг авсан та бүхэн Эзэний төлөө ажиллаж байгааг үнэхээр хармаар байна.
Манай авралын зар түгээх хорооноос сар бүр гаргадаг баярт мэдээний хуудсыг жилийн турш ч гэсэн та бүхэнд илгээхийг хүснэ. Бурхан та бүхний дотор үйлдэж, алхам бүрийг тань удирдаж өгөхийг хүснэ. Бас та нар хэцүү, зовлон гунигтай байх үедээ ганцаараа үүнийг туулах биш, харин намайг гэмийн уучлал хүртсэний дараагаас өнгөрсөн 25 жилийн турш надтай хамт байж, миний бүх үйлсэд хамт байсан Эзэн та бүхэнтэй хамт байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Би энэ удаа та бүхэнд хэлэхээр бэлдсэн байсан зүйлсээсээ гуравны нэгээс илүүг дамжуулж чадаагүйдээ их харамсалтай байна. Эзэн зөвшөөрвөл дахин Пусанд ирээд та бүхэнтэй уулзахыг хүсэж байна. Нөхдөө, миний төлөө залбираарай. Би цуглааны үед дахин төрсөн та нарын царайг мартаж чадахгүй. Яагаад ч юм сэтгэл минь та нарт татагдаж байна. Би орон даяар явж тоолшгүй олон цуглаан хийж байсан боловч, индрийн ард зогсохдоо зүрх минь догдолж байгаа нь энэ удаа анхных юм. Олон хүний өмнө сургаал зөндөө зааж байсан ч энэ удаа сэтгэл минь үнэхээр хөдөлж байна.

Та нартай цаашдаа үргэлж хамт байж чадахгүй ч, та бүхэн Ариун Сүнс дотор ерөөлтэй итгэлийн амьдралтай байхыг хүсэж байна. Энэ удаа та бүхний авсан аврал илүү бат бэх болоод, хаашаа явсан ч хөдөлшгүй эрхэм итгэлийн хүмүүс болохыг хүсэж, өнөөдрийн үгээ дуусгая. Баярлалаа.