| E-mail | Club |
 
 
 
     
 

Дээрэмчидийн гарт орсон хүн

Лүүк номын 10-р бүлэг 25-37-р ишлэл
   
 

7. Дээрэмчидийн гарт орсон хүн

Сайн байцгаана уу? Гэрчлэл үйлдсэн хүнд алга ташаад, дуу дуулсан ч алга ташдаг байж номлол хэлсэн хүнд яагаад алга ташдаггүй юм бэ? Тоглосон юмаа, юутай ч баярлалаа. Библийн сургаалиас уншъя. Шинэ гэрээ номын 104 дүгээр хуудсанд байгаа Луукийн 10-р бүлэг 25-р ишлэлээс эхлэж уншъя.
“Үзэгтүн нэгэн хуульч босож, Түүнийг сорин
-Багшаа, мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад
Тэр түүнд
-Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ? гэхэд
тэр
-Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла гэв.
Тэгэхэд нь Есүс
-Чи зөв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьдарна гэв.
Харин тэр хүн өөрийгөө зөвтгөх гэж Есүст
-Миний хөрш гэдэг чинь хэн бэ гэжээ.
Есүс хариуд нь
-Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр хүн дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай төдий орхиод оджээ.
Тохиолдлоор нэгэн тахилч хүн тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихав.
Түүнчлэн нэгэн Леви хүн мөн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь өнгөрөөд явчихжээ.
Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн,
түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.
Маргааш нь тэр хоёр динар авч буудлын эзэнд өгөөд, “түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье” гэжээ.
Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш нь болохоо баталсан гэж чи бодож байна вэ? гэхэд
тэр
-Түүнд өршөөл үзүүлсэн хүн нь гэв. Есүс түүнд
-Явж үүний адил үйлдэгтүн гэжээ.”
37-р ишлэл хүртэл уншлаа.
Нөхдөө, бид өнөө өглөө бидний гэм хэрхэн Есүс Христ рүү шилждэг тухай Библиэр дамжуулан дэлгэрэнгүй ойлгосон. Үнэндээ нүгэл нь бидний мөрийг биш, харин сэтгэлийг хүнд болгодог. Гэм нь бидний бие махбодийг өвтгөхөөсөө илүү сэтгэлийг өвчлүүлдэг. Тийм учраас ихэнх хүмүүс гэмээс уучлагдан, гэмийн хүнд ачаанаас гарвал ихэнх өвчин хар аяндаа эдгэдэг гэж ярьдаг. Гадаадад байгаа нэг эмч
“Хүний сэтгэлийн гэмийн ачааг буулгаж хаявал 437 янзын өвчин аяндаа эдгэдэг.”
гэж хэлж байсан. Бидний ихэнх өвчин сэтгэлээс үүддэг бөгөөд би үүнийг олон удаа мэдэрч байсан. Би жоохон санаа зовж, сэтгэл түгшвэл хоол боловсруулж чадахаа болиод хоол амтгүй санагддаг. Бидний сэтгэл хөнгөхөн байж баяр баясгалантай болвол юу ч идсэн боловсруулж орхидог.
Гэвч хүмүүс гэмээс салах нь сайн гэдгийг мэдэх боловч ихэнх хүмүүс хэрхэн гэмээс салахыг мэддэггүй учир, гэмийн мод гэж байвал тэр модон дээр байгаа жимсийг нэг нэгээр нь түүсээр завгүй итгэгчийн амьдралаар амьдардаг. Алим эсвэл усан үзэм нь жилд нэг удаа жимс гаргадаг тул нэг удаа түүгээд хаячихвал жимсгүй болдог боловч гэмийн мод нь цаг тутам жимсэлдэг. Тийм биз дээ? Өглөөний цайгаа ууж байсан ч, унтаж байсан ч, сэрүүн байсан ч, замаар явж байсан ч жимс гаргаж л байдаг. Тийм учраас ихэнх хүмүүс өдөр бүр жимс түүдэг ажил хийсээр цаг хугацааг өнгөрөөдөг. Түүгээд түүгээд дуусахгүй учир нэг удаа ч Бурханы өмнө нүүр бардам, сэтгэл тэнэгэр, баяр баясгалантай, амар амгалан сэтгэлээр зогсож чаддаггүй нь ихэнх хүмүүсийн байр байдал юм. Бидний Эзэн гэмийн үр жимс, үр дүнг нь бүү тоо гээд гэмийн модыг сугалан хаясантай ижил уул үндсээр нь гэмийн асуудлыг шийдэх хэрэгтэй.
Би эхний өдрийн орой гэм ба нүгэл нь өөр гэж хэлсэн. Ханиад ба нус гоожих нь ялгаатай юм. Ханиад ба ханиалга нь бас өөр юм. Мэдээж ханиад хүрвэл хоолой сэрвэгнэж нус гоожин ханиалгадаг боловч ханиалга, нус нь ханиад биш юм. Бид хулгай хийж, худал ярин бусдыг үзэн яддаг. Гэмт хүмүүс бүгдээрээ ийм зүйл хийдэг. Гэхдээ хулгай нь гэм гэж хэлээгүй. Хулгай нь гэмийн үр дүн юм. Хулгайг гэмт хэрэг гэж хэлдэг. Бидний сэтгэлд гэм байдаг учир гэм хийлгэдэг бөгөөд өнөө өглөө бидний гэм хэрхэн тээр доороос бүгдийг нь Есүс Христ рүү шилжүүлдэг тухай та бүхэнд хэлсэн. Өнөө орой энэ тухай үргэлжлүүлэн ярих гэсэн боловч хэлэх зүйл дэндүү олон учир  өөр чиглэлээр яръя.
Бидний аврал хэрхэн бүрэлддэг вэ? Бид хэрхэн тэнгэрийн улс руу орж чадах вэ?
Бид хэрхэн гэмээсээ үүрд мөнхөд хагацаж чадах вэ? Адам Ева хоёр гэм үйлдэхээсээ өмнө байсантай ижил бид хэрхэн Бурханы өмнө нүүр бардам очиж чадах тухай яръя.
Бидэнд ийм зүйлс нь үнэхээр бүтэшгүй мэт санагдах боловч, Бурхан олон аргатай, чадал нь агуу тул бидний адил бузар муу хүмүүсийг тийм болгож чадна.
За, тэгэхээр Луук номын 10-р бүлэгт байгаа зүйлийг үндэслэн тэр асуудлыг дэлгэрэнгүй ярьцгаая.
Дээр үед болсон явдал юм. Английн Лондон хотын нэгэн боомт дээр ажиллаж байсан залуу байжээ. Гэр бүлгүй, хайрлах хүнгүй, хүнтэй сууж чадахгүй, маш ядуу амьдардаг байжээ. Өдөржингөө ажиллаж байж хэдхэн зоос олоод түүгээрээ талхны өөдөс олж идэн хаа ч хамаагүй унтан Англиас Америк руу явдаг усан онгоцны ачааг зөөдөг ажил хийдэг байжээ. Тэгж байтал үе үе Америкаас ирсэн хүмүүсээс Америкт мөнгө олох амархан, амьдрахад зүгээр гэдэг яриаг сонсжээ. Тэгээд нөгөө хүн ‘Би өнөөг хүртэл амьдрахдаа олигтой амьдарч чадсангүй, ингэж байхаар Америкт очиж мөнгө олж үзье.’ гэж бодоход хүрчээ.
Тэр өдрөөс хойш Америк руу явах зардлаа цуглуулж эхэлжээ. Олсон хэдэн зоосоо хантаазныхаа халаасанд нуугаад зав л гарвал гаргаж ирж үздэг байжээ.
Тэр үед Америк руу усан онгоц сард нэг удаа явдаг байсан ба нөгөө залуу заримдаа билетний касс руу очиж онгоцны зардлыг асуудаг байв. Халаасандаа байсан мөнгийг тоолж үзвэл билет авах мөнгө арай чүү хүрч байв. Билет авч чадах боловч явах зуур Америк хүртэл юу идэж уух, буугаад юу хийх үү гэж санаа зовж байгаад “Юутай болов хойшлуулалгүй явъя, яасан ч яахав.” гээд билет авах болжээ.
Тэр үед Англиас Америк хүртэл нэг долоо хоног явдаг байсан ба “Нэг долоо хоногт өлсөөд үхчихвэл гэж. Америкт очвол идэх хоол, ажил олдох биз.” гээд онгоцонд суулаа.
“Сайн сууж байгаарай, Лондон минь!”
Английг орхин Америк руу хөдөллөө. Энэ үед усан онгоцон дотор хүмүүс цугларч, Америкийн тухай ам уралдан ярьж байлаа. Нөгөө хүн тэр дунд юм сонсон, юм ярьж суутал өдрийн хоолны цаг болж хонх дуугарсан. Гуанзнаас ирж хоол ид гэсэн дохио байжээ. Бүгд босч хооллохоор явахад мань хүн мөнгө байхгүй тул явж чадалгүй зүгээр сууж байтал хажууд нь байсан хүн
“Залуу хоол идэхээр явъя.”
“Өглөө идсэн хоол шингээгүй тул өдрийн хоол идэхгүй.”
“Тэгэхдээ жоохон юм идсэн дээр биз дээ.”
“Зүгээрээ.”
“За яахав тэгвэл ганц хоол өнгөрөөчихэд зүгээр биз.”
Хүмүүс хоолноос ирээд
“Сайхан амттай байна шүү.”
гэж ирцгээнэ. Нөгөө залуу гэдэс нь өлсөн тэсэхийн аргагүй байсан ч
“Тэснэ ээ, нэг удаа зовж жоохон үзье.”
гэж гүрийв. Орой болж хоолны хонх дуугарчээ.
“Залуу чи өдөр хоол идээгүй, одоо хоолонд явъя.”
“Би зүгээрээ, ер нь хэдэн өдөр хоолгүй гүрийж чадна.”
“Хөөе залуу их өлсөх биенд муу.”
“Битгий санаа зов.”

 

Бусад хүмүүс явж хоол идээд ирэхэд нөгөө залуу суусаар байлаа. Хамт сонирхолтой яриа дэлгэн сууж байгаад хоолны цаг болон хүмүүс гарч явахад нөгөө хүн хөмсөг зангидан
“Та нар явцгаа.”
“Залуу яагаад юм идэхгүй байгаа юм бэ?”
“Миний өлсөх, болих хоёр ямар хамаатай юм бэ?”
гэж уурладаг байлаа. Тэгсээр байтал хүмүүс түүнийг жоохон юмтай гэж бодоод юм ярихаа ч больжээ. Хоёр өдөр өнгөрч, гурван өдөр өнгөрч, тав дахь өдөр өнгөрөх алдад өлсөж үхэх дээрээ хүрсэн байлаа. Ингэсээр хоёр өдөр өнгөрвөл Америкт хүрэх боловч очихоосоо өмнө үхэх нь үү гэж бодогдохоор байв. Тав дахь өдрийн өглөө онгоцны узелээр ярьж байна.
“Хүндэт зорчигчдоо уучлаарай, шуурганы улмаас онгоц хоцорч дахин таван өдрийн дараа Америкт очих боллоо.”
Нэг долоо хоног бол яаж ийгээд тэсээд очих гэж байтал одоо ч үхлээ дээ гэсэн бодол төрөв. Дахин таван өдөр тэсэх ямар ч аргагүй мэт санагдаж байв.
Мань хүн шийдлээ.
“Үхэхийн хооронд жоохон ч болтугай юм идээд үхсэн нь дээр. Юм идээд үхье. Гуанзанд ороод юм захиж идчихээд тооцоогоо хий гэвэл аяга угаадаг юм уу, шал арчдаг юм уу, яаж ийгээд үзээд алдъя.”
Ингээд бусад хүмүүс хоолоо идэж дуусаад гарах алдад нь гуанзанд орлоо.
“Та юу захиалах вэ?”
Нөгөө залуу нэгэнт үхэх юм чинь сайн идэж авъя гэж бодоод, одоо манайхнаар бол цуйван таван таваг гэж их юм захижээ.
“Хэдэн хүн идэх юм бэ?”
“Хэд ч бай авчирвал болоо юм биш үү.”
Ингээд зөөгч хоол авчирч тавьсан.
Хэдэн өдрийн дараа хоол идэж байгаа учир шорвог байна уу, амттай байна уу, муухай байна уу мэдэлгүй идэж орхисон. Нэг таваг, хоёр таваг . . . . одоо их идээд цадаж мөнгө толгойд нь орж санаа зовов.
“Зөөгч тооцоогоо асуух байх. Мөнгөгүй гэвэл яах бол.”
Одоо аль болохоор цаг нөхцөөж байлаа. Ингэж байтал гуанзны ажилчид бүгд явж ганцхан зөөгч ширээ цэвэрлэхээр хүлээж зогсоно. Бүгдийг нь идсэний дараа ус алгуурхан ууж
“Зөөгчөө тооцооныхоо хуудсыг аваад ир.”
Тэр зөөгч
“Юу гэнэ ээ?”
“Тооцооныхоо хуудсыг аваад ир, хэд гарсан юм?”
Энэ хүн дотроо шүд зуун сууж байв.
“Та манайд анх хоол идэж байгаа бил үү?”
“Анх ч бай, хоёрдахь нь бай хурдан аваад ир.”
“Манай онгоцонд мөнгө авдаггүй.”
“Юу гэнэ ээ?”
“Таны билетний үнэнд хоолны мөнгө багтсан байдаг юм.”
“Пөөх, мэдсэн бол ингэж гүрийхгүй байсан юм . . . .”
Үүнийг мэдэлгүйгээр таван өдрийн турш өлсөж цангаснаа бодохоор хичнээн их харамссан бол. Гэхдээ хүмүүсээ үүнтэй харьцуулахад тамд очих нь илүү харамсалтай биш үү. Яагаад тамд очдог болохыг мэдэж байна уу? Гэм их хийгээд тамд очдог гэж бодож байна уу? Бурханы үгийг ухаараагүй учраас очдог юм.
Энэ залуу билетний үнэд хоолны үнэ багтсаныг мэдэлгүй таван өдрийн турш турж үхтлээ зовсон. Шуургатай таараагүй бол долоон өдөр гүрийж Америкт очиж чадахгүй байсан нь ойлгомжтой.
Та бүхэн тамд очих нь Бурханы санааг ухаараагүй учраас юм. Нялх хүүхдийн ээж хүүхдээ өмдөндөө шээж, баахыг нь мэддэг учраас живх бэлддэг. Түүнтэй ижлээр Бурхан биднийг бузар муу санаатай гэм үйлдэхийг нь мэддэг учир урьдчилан бидний өмнөөс бүхий л зүйлийг бэлдэж өгсөн юм. Гэм ихтэй бидний төлөө Бурхан юу бэлдсэнийг нь мэддэггүй хүмүүс Бурханы бэлдсэн зүйл дээр тулгуурлалгүй өөрөө ямар нэгэн зүйл хийх гэж оролддог.
Нэгэн өдөр ээж нь гэрээсээ гарах ажилтай болчихоод хүүхдэдээ хэлсэн нь
“Чи сургуулиасаа эртхэн ирээрэй.”
“Яагаад вэ, ээжээ?”
“Би хол газар явна.”
“Тийм үү, би тэгвэл эрт ирье.”
Гэтэл хүүхэд нь үүнийг мартаад хөл бөмбөг тоглож байгаад нар жаргах алдад иржээ. Ээж нь хүлээж байгаад гэрээсээ явсан байлаа. Ээж нь гэрээсээ явахын өмнө хүүхдийнхээ идэх оройн хоол, маргааш нь идэх хоол бэлдэж тавьсан байлаа. Хоолоо хоолны саванд хийн орхисон байжээ. Хүүхдүүд өөрсдөө хоол хийж чадахгүй учир ээжийнхээ бэлдсэн хоолыг олж иднэ. Үүнтэй ижлээр Бурхан бидэнд зориулж тавьсан нууцыг ухаараагүй хүмүүс өөрсдөө ямар нэгэн зүйл хийх гэдэг.
Өнөөдөр орой уншсан Луукийн 10-р бүлэг дээр гарсан хуульч тийм хүн юм.
За одоо 10-ын 25-аас эхлэн бүгдээр уншицгаая.
“Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би яах ёстой вэ?”
Хүмүүсээ сайн сонсогтун. Энэ хуульчийн “Би юуг хийж байж мөнхийн амийг авах вэ?” гэж асуусан үгэнд маш гүнзгий утга агуулагдаж байна. Энэ хуульч ямар нэгэн зүйлийг хийж байж мөнхийн амийг авдаг гэж боддог. Тийм учраас хуулийг сахих гэж хичээж үзсэн. Тэгээд мөнхийн амийг авсан уу? Тэгж байж мөнхийн амийг авдаг байх гэж бодсон боловч мөнхийн амийг авч чадаагүй. Тийм учраас Есүсийн өмнө очиж “Би юу хийвэл мөнхийн амийг авах вэ?” гэж асуусан. Тэгтэл Есүс юу гэж хариулсан бэ? 26-р ишлэлийг үзвэл
“Тэр түүнд хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн уншдаг вэ?”
Энэ их чухал яриа юм. “Хуульд юу гэж байдаг вэ?” гэж асуусан уу? Үгүй. “Хуульд юу гэж байдаг, чи түүнийг хэрхэн уншсан бэ?” гэсэн хоёр зүйлийг асуусан.
Хүмүүсээ, бид Библийг ихэд анхаарч уншвал түүнд нуугдаж байдаг сүнслэг нууцыг нээж чадах болно. Есүсийн асуултанд хуульд тусгагдсан зүйлийг хүн хэрхэн уншсанаас шалтгаалж, өөр өөр чиглэлээр ойлгож болно гэсэн утга агуулагдаж байна. Тэгвэл хуульд юу гэж заасан байдаг вэ? “Бүү завхайр.”, “Бүү хулгай хий.”, “Хүн бүү ал.”, “Бүү худал хэл.” зэрэг зүйлс байдаг. Энэ нь байдаг боловч түүнийг хэрхэн уншсанаас өөрөөр хэлбэл хэрхэн хүлээж авснаас шалтгаална гэсэн үг юм. Есүс хуульчаас асуусан нь
“Чи түүнийг хэрхэн уншиж, хэрхэн хүлээн авсан бэ?”
Нөхөд өө, өнөөдөр солонгос улсад амьдарч буй ихэнх итгэгч нар хуулинд юу гэж заасныг мэддэг ч, хүлээж авах  тал дээрээ асуудалтай байдаг. Юу гэж хэлж байгааг нь ойлгож байна уу? Би та нараас асуумаар байна. Хуульд “Бүү завхайр”, “Бүү хулгай хий”, “Хүн бүү ал”, “Бүү худал хэл” гэж байдаг биз дээ. Та бүхэн үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ? Энд хоёр янзын хүмүүс байдаг. Зарим хүмүүс,
“Бурханы сургаалд хулгай битгий хий гэсэн учир хулгай хийхгүй байх ётой. Худал бүү ярь гэсэн учир худал ярихгүй байх хэрэгтэй.”
гэж сургаалыг дагахыг хичээдэг. Хуулийг ингэж хүлээж авдаг хүмүүс байхад, нөгөө талаар хулгай хийхгүй, завхайрахгүй, худал ярихгүй, үзэн ядахгүй, хүн алахгүй гэж хичээсээр байгаад болохгүй болохоор нь
“Бурхан минь, би ерөөсөө чадахгүй юм байна. Та миний өмнөөс бүхнийг хийгээч. Би өөртөө итгэхгүй байна.”
гээд Бурханы өмнө хоёр гараа өргөн, бууж өгдөг хүмүүс бас байна. Хүмүүс хуулийг хоёр янзаар хүлээж авдаг.
Саяын Азийн тоглолтонд солонгосын олон тамирчин боксоор алтан медаль авсан. Хүмүүсээ, бокс тоглоход жижигхэн рингэн дээр хоёр хүн бие биенийгээ цохидог. Тэгэхээр арай сайн тоглодог нь нөгөөхөө илүү монждог боловч, чадахгүй нөгөөх нь цохиулахаас өөр аргагүй болохоор хаа хамаагүй гэдэс, нуруу, нүүр лүүгээ шууд цохиулдаг. Тэгээд тэсэж чадалгүй уначихвал тэрнээс илүү тайван зүйл байхгүй. Тийм биз дээ, хүмүүсээ? Пүд гээд унаад өгвөл, аадар бороо мэт цохилт чимээгүй болж зөвхөн тоолох чимээ л сонсогдоно. Хичнээн тайван байх билээ.
Мэдээж боксын тэмцээнд түрүүлье гэж тоглодог боловч Бурхан ба миний тэмцээнд бид нар аль болох хурдан нокаутанд орсон нь дээр. Ойлгов уу? Бид аль болох хурдан гараа өргөж унахгүй бол худлаа өөрөө бүхнийг чадах гэсээр байгаад илүү их зовоход хүрнэ. Сүмд хэлбэрдэх гэж очихгүй, чин сэтгэлээрээ итгэгчийн амьдралаар амьдрах гэж буй хүмүүс нь гэмийг хийхгүй гэж шийдвэл бүр ихээр хийдэг болохыг мэддэг. Үүнийг туршиж үзсэн хүмүүс мэдэж байгаа.
Та бүхний дунд тамхи татаж үзсэн хүмүүс олон байгаа. Тийм биз дээ? Урьд нь тамхи татаж байсан хүмүүс гараа өргөнө үү. Би ч татаж үзсэн. Энд тамхи татаж үзсэн хүмүүс олноор ирсэнд баярлалаа. Тамхи татдаг хүмүүс хэн нь ч бай тамхинаас гаръя гэж нэг удаа бодсон байдаг.
Одоо 10-р сарын 9-ний өдөр. Би 10 сарын 10-ны 00 цагаас эхлэн тамхинаас гарна гэж шийдсэн гэж бодъё. Тэгвэл ердийн үед өдөрт нэг хайрцаг тамхи татдаг байсан хүн 10 сарын 9-ндээ хоёр хайрцгийг татаж орхидог. Үүнийг мэдэх хүн миний үгийг үнэн худлыг нь хариулаад өгнө үү. Тийм биз дээ? Тиймээ. За хүмүүсээ, харцгаа тийм байгаа биз. Би энд тэмдэглэлийн дэвтрээ тавчихаад хаа нэгтээ явчихаад ирье гэж бодъё. Та нар энэ тэмдэглэлийн дэвтрийг харъя гэж бодохгүй биздээ. “Пак пастор дэвтэрээ орхио биз.” гэж бодоод өөр зүйл хийх байх. Гэтэл би явахдаа
“Хүмүүсээ, энд гарч ирээд юу ч хийсэн хамаагүй, гагцхүү миний дэвтрийг ерөөсөө битгий нээж үзээрэй. Хэрхэвч болохгүй шүү. Тэгвэл баларсан юм болно. Та нар чадна биздээ, хичээнгүйлэн гуйя, сөхөж ч битгий хараарай.”
гээд би явлаа. Хэрэв та нар юу ч хэлээгүй бол үзэхгүй бөгөөд ерөөсөө битгий үзээрэй гэсэн учир үзэхийг үнэхээр хүснэ дээ.
Дээхэн үед бичгийн тэнхимд нэгэн багш байсан бөгөөд хичээл заалгүй ширээнээсээ нэгэн зүйл аваад идээд суусан. Хүүхдүүд
“Багшаа наадах чинь юу юм бэ?”
“Энэ их чухал жимс.”
“Ямар жимс юм бэ?”
“Хүүхэд идвэл үхдэг жимс.”
Нэгэн өдөр багш нэгэн газар луу явж хүүхдүүд ганцаараа үлдсэн.
“Энэ ямар жимс болоод том хүн идвэл зүгээр, хүүхэд идвэл үхдэг юм бол, үхвэл гэж, идээд үзье.”
Тэгээд нэг хүүхэд жоохон идэж үзсэн. Үхэх нь манатай, их амттай байсан. Нэгийг бүгдийг нь идсэнд үхсэнгүй.
“Хүүхдүүдээ, бүгдээрээ хамт идье. Хэрэг хийвэл хамтдаа хийе.”
Хүүхдүүд цугларч багшийнхаа жимсийг бүгдийг нь идчихсэн. Идсэний дараа зодуулахаа бодоод айсан. Одоо яах вэ гэж хэсэг сандарч байгаад тэр дундаасаа зальтай нэг нөхөр
“Миний хэлснээр хийцгээе.”
“Яах вэ?”
Тэгээд багшийнхаа хайртай нэгэн бэхний савыг хагалж орхисон. Тэгээд
“Бүгд хэвт.”
гэсэнд, хүүхдүүд бүгдээрээ хэвтсэн. Ингээд багш нь эргэж ирэхэд хүүхдүүд бүгд хэвтэж байсан.
“Хүүхдүүдээ, та нар юу болж байна?”
Тэгэхэд нь нэгэн сэргэлэн хүүхэд
“Багшаа, үхэх гэм хийчихлээ.”
“Юу болоов?”
“Багшаа бид тоглож байгаад таны хайртай бэхний савыг хагалчихсан. Ийм болохгүй зүйл хийчхээд сэтгэлийн зовлондоо автаад үхэхээр шийдэж таны идвэл үхнэ гэсэн жимсийг идэж, үхэхээ хүлээгээд хэвтэж байна. Тэгээд үхнэ гэсэн боловч үхэхгүй болохоор нь одоо санаа зовоод байж байна. Бага идсэн болоод тэгсэн байх, ахиад жоохон байвал сайн байна...”
Инээдэмтэй түүх боловч, та нар ч гэсэн ихэнх нь сатанд хууртагдаж байна. Бид гэм үйлдэхгүй гэж шийдвэл чадах юм шиг боловч, шийдэх тусам илүү их гэм үйлдэх болно. Та нар сайн ойлгож байна уу?
Нэг айл охинтой юмсанжээ. Охин өсвөр насандаа нэгэн залууд дурлачихаад хичээлээ ч хийж чадахаа больжээ. Гэтэл аав нь өрөөнд нь түгжчихээд хичээлээ хий гэв. Охин нь сэтгэлээ барьж хичээл хийе гэж бодтол аав нь ирээд,
“Чи нөгөө залуугаа бодож сууна уу?”
гээд бодоогүй зүйлийг нь бодогдуулж эхэлсэн. Та нар ойлгож байна уу? Тийм учраас бид гэм хийхгүй гэж шийдсэнээр болох зүйл биш. Сэтгэл нэг зүйлд хоргодвол түүндээ хөтлөгддөг.
Намайг хорих газраар явж библийн сургаал заах үед болсон явдал. Нэг удаа нэгэн хоригдол намайг дуудаж уулзахыг хүсэж байна гэж хэлсэн. Ингээд хуягтай нь ярьж байгаад чимээгүй газар уулзахаар болсон. Тэгээд тэр хүний хэлснээр бол өөрөө архи уусан үед хэцүү байдаг хүн гэсэн. Архи уувал хэтэрхий агсан тавьж байгаад том аваар гаргаад дахиж архи уухгүй гэж шийдсэн. Архинаас бүр гарчихаад явж байтал нэгэн өдөр баарны хажуугаар өнгөртөл найз нар нь дууджээ.
“Хөөе, ганц татчих.”
Орохгүй гээд толгойгоо сэгсрээд өнгөрсөн боловч, нэг мэдэхэд эргээд ирчихсэн байсан. Би өөрөө очихгүй гээд шийдсэн боловч сэтгэл нь тийш оччихсон байсан. Хөл сэтгэлийг дагахаас ухаан бодлыг дагадаг биш. “За ганцхан хундага, ганцхан хундага.” Үнэхээр тэр хүн тэр өдөр ганц хундага татсан. Гэхдээ ганц хундагыг олон давталттайгаар уусан. Хоёр удаа ганц хундага татсан. Архиа гарсны дараа харсан чинь цагдаагийн газар байсан. Юу болсныг ерөөсөө мэдээгүй.
Бурхан биднийг гэм бүү үйлд гэхээр гэм хийдэггүй хүмүүс биш гэдгийг мэдсэн учир үүнд хууртаагүй. Хичнээн гэм битгий үйлд гэсэн ч гэм үйлдэхээс өөр аргагүй хүмүүс учир Бурхан гэмийг бүү үйлд гэхийн оронд гэмийг дийлэх хүчийг өгч гэмд орохгүй байлгасан юм. Бид гэмээс гарахыг хүсвэл, Бурханаас ирэх хүчийг авах хэрэгтэй. Миний шийдвэр болон амлалтаар хэзээ ч гэмийг ялан дийлж чадахгүй. Юу гэснийг нь ойлгов уу? “Хүн бүү ал.”, “Бүү завхайр.”, “Бүү хулгай хий.” гэсэн хуулийг хүмүүс сахих гэж хичээгээд барахгүй болохоороо
“Аа, ерөөсөө болохгүй юм байна. Бурхан минь, би ерөөсөө чадахгүй юм байна.”
гээд бууж өгүүлэхийн тулд хуулийг бидэнд өгсөн юм. Та бүхэн хичээл зүтгэлээрээ хуулийг сахих гээд хичээгээд баруулахгүйн тулд Бурхан бидэнд хуулийг өгсөн юм. Тиймээс нэг ч хүн хуулийг сахиж чадаагүй юм. Хуулийг сахих гээд оролдож үзээд чадаагүй хүмүүс өөрсдөө хуулийг сахих гэж оролддоггүй юм.
Тиймээс Есүс хуулийг хэрхэн уншиж байна гэж асуусан. Нэг хэсэг нь хуулинд заасны дагуу сахих гэж хичээдэг бол нөгөө хэсэг нь “Би чадахгүй, Есүс та чадна.” гэдэг. Есүс цаг ямагт ийм хүмүүст тусалдаг. Зөвхөн амаараа “Би юу ч чадахгүй, би яаж чадах билээ.” гэдэг хүмүүс “Юу ч чадахгүй.” гэсэн мөртлөө өөрсдийгөө дөвийлгөдөг. Чин сэтгэлээсээ “Надад нүглээс өөр зүйл үгүй, би бузар муухайгаас өөр юу ч бус.” гэдгийг жинхэнэ ухаарсан хүн оролдож үзээд ашиг тус болохгүйг мэдэх тул өөрөө хийх гэж оролддоггүй. Ийм хүмүүсийн дотор Бурхан орж нөлөөлдөг.
Хуульч хүн юу гэсэн билээ? Хуулийг мэддэг боловч, Бурхан хуулийг яах гэж өгснийг нь мэдээгүй. Тийм учраас хичээл зүтгэлээрээ ямар нэгэн зүйлийг хийвэл болно гэж бодсон.
“Бүх сэтгэлээрээ, бүхий л хичээл зүтгэлээрээ Бурханыг хайрлая . . . .”
,эдэг нь ямар ч утгагүй юм. Сэтгэлээ бүгдийг нь зориулж Бурханыг хайрлаж чадах уу? Би лав чадахгүй.
Би өөрөө машин барьдаг бөгөөд өдөрт машин дотор нэг цаг орчмыг өнгөрөөдөг. Би жилд явсан километрээ тооцоод машины дундаж хурдыг бодож үзвэл жилд дунджаар 365 цаг орчмыг машинд өнгөрөөдөг. Үүнийг бодож үзвэл хэтэрхий их юм. Машин барьж явах цаг маань хайран санагдаж байна. Гэлээ гээд жолоочтой болох чадваргүй учир тэр цагтаа Библи цээжлэх үү, залбирал үйлдэх үү, Библийн бясалгал үйлдэх үү гэж бодсон боловч нэг удаа улаан гэрэл дээр хүлээж байгаад бодсон юм. Библийн номыг хажуу суудал дээрээ тавиад шүү дээ, гэтэл Библийн номыг харж байгаад сэтгэл татагдаж нилээд удтал хойноос сигналдах дуу гарсан. Тэгээд хартал миний урд байсан машин бүгд явж би замын голд ганцаараа байсан. Ногоон гэрэл ассан боловч . . .  Тиймээс намайг машин барих үед машин надад
“Эзэн минь, та намайг дуусгая гэж бодвол Библидээ анхаарна уу.”
Тиймээс жолоо барих үед бүх сэтгэлээ Бурханд өгч чадахгүй юм. Ийм ч учраас “Бүх сэтгэлээ зориулна, бүх амьдралаа зориулна, бүх хүчээ зориулна.” гэж хэлж чадах хүн гараа өргөнө үү. Бүх хүчээ зориулаад Бурханыг хайрлах юм бол ямар хүчээрээ хоол идэх юм бэ? Мэдэхгүй хүмүүс оролдож үзэхийн тулд “Эзэн минь итгэж байна, чадвар хайрлаач.” гэдэг биз дээ.
Дахин хэлэхэд, бокс тоглох үед эхний раунданд цохиулаад унах хүн хамгийн ухаантай хүн юм. Үргэлжлүүлэн цохиулсаар хамаг нүүр амаа будаа болгуулаад, духаа уруулж, нүдээ булдруу болгож, цус урсгасны дараа нокаутанд орж ялагдсанаас хамаагүй дээр. Мэдээж жинхэнээсээ бокс тэгж тоглож болохгүй. Гэхдээ Бурхантай тоглох үед тэр нь хамгийн ухаантай арга юм. Бурхан та бүхнийг сөхөрч унатал, бууж өгтөл, үнэнээсээ Бурханы өмнө гараа өргөтөл чинь та бүхэнд туслахгүй. Ойлгосон уу? Би үүнийг сайн мэднэ.
Хуульч хэлэхдээ
“Чи бүх сэтгэл, бүх амьдрал, бүх хүчээрээ Бурханыг хайрлаж, мөн хөршөө өөрийн биетэй адил хайрла гэж хэлсэн.”
“Чиний хариулт зөв. Үүнийгээ дага, тэгвэл аврагдана.”
Дагаж чадвал амьдарч, дагаж чадахгүй бол үхнэ гэсэн үг юм. Дэд хууль номын 28-р бүлгийг үзвэл
“Чи хэрэв өөрийн Бурхан Эзэний сургаалыг дагаж, тушаалыг нь бүгдийг нь биелүүлбэл, ерөөл авч чиний үр удмын үр удам чинь ерөөгдөх болно.”
гэж хэлсэн байдаг. Гэвч
“Чи хэрэв өөрийн Бурхан Эзэний сургаалыг дагаж, тушаалыг нь бүгдийг эс биелүүлбэл хараал авч, чиний үр удмын үр удам чинь хараагдах болно.”
гэж байдаг. Та бүхэн үүнийг хараал гэж бодож байна уу, ерөөл гэж бодож байна уу? Бүгдийг нь сахиж чаддаг хүнд ерөөл боловч чадахгүй хүнд энэ нь хараал юм. Хүмүүс үүнийг мэдэлгүй
“Энэ бол ерөөл, ерөөл шүү дээ. Орсон ч ерөөл, гарсан ч ерөөл...”
гэж боддог учир, сахиж чадах эсэхээ мэдэхгүй учир зүггүй шууд л хийж үзэх гэж оролддог юм. Бид Библийн учир утгыг сайн ойлгох ёстой юм.
Энэ талаар үргэлжлүүлэн яръя. Дагалдагч Паул Есүст итгэхийн өмнө Есүст итгэгчдийг барьж алахаар сүрдүүлдэг байсан. Паул Библийг уншаагүй байсан биш юм. Тэр үед Саул байсан шүү дээ. Библийг уншсан ч хальсийг нь мэдэх, цөмийг нь мэдэх хоёр эсрэг зүйл юм. Хальсыг нь мэдвэл өөрөө хийж үзэх гэж оролдон, цөмийг нь мэдвэл би амарч Бурхан надад үйлчлэх юм. Үүнийг ойлгов уу? Хуульч тэгж хэлсэн учраас
“Зөв, түүнийгээ дага, тэгвэл амьдрах болно.”
гэж Эзэн хэлсэн.
“Тиймээ, чи чадах учир бүгдийг нь дагаад үз.”
гэсэн. Хуулийг бүгдийг нь дагаж чадах уу? Чадахгүй. Хуулийг бүгдийг нь дагаж чадна гэж өөртөө итгэсэн хүн гараа өргөнө үү. Та бүхэн үнэхээр ухаантай юм, нэг ч хүн гараа өргөсөнгүй. Та нар зөвхөн гараа өргөхгүй байх бус сэтгэлдээ ч гэсэн “Би үнэхээр өөртөө итгэхгүй байна.” гэхийг хүсье.
Зөвхөн амаараа өөртөө итгэлгүй хүмүүс нь юм л бол өөрсдөө хийх гэж оролдон, сэтгэлдээ өөртөө итгэлгүй хүмүүс нь өөрсдөө хийх гэж оролддоггүй. Яагаад гэвэл болдоггүй учраас.
Есүс “Тиймээ зөв, түүнийг дага.” гэж хэлсэн. Энэ нь “Оролдоод үз. Тэгвэл амьдарна.” гэсэн үг юм. Энэ нь ямар учиртайг мэдэх үү? Би уржигдар ярьсан. Далай дээр алхахтай ижил арга юм. Далай дээгүүр яаж алхах вэ? Далай дээгүүр гүйж баруун хөлөө живэхээс өмнө зүүн хөлөө тавьж, зүүн хөлөө живэхээс өмнө баруун хөлөө тавих юм бол Пусанаас Чэжү арал хүртэл байтугай Тайвань, Япон хүртэл явчихаж болно. Гэхдээ та бүхэн нэг хөлөө живэхийг хүлээж байгаад живж үхэж болохгүй. Нэг удаа оролдоод үз, хэрэвзээ миний хэлснээр оролдож үзээд усанд живж үхвэл хариуцлагыг нь хүлээе. Хэрэв миний хэлснээр хийгээгүй бол хариуцлагыг нь хүлээхгүй.
Энэ яриаг сонсоод хэн далай дээгүүр явъя гэж бодох вэ? Үүнийг сонсоод болохгүй гэдгийг мэдээд хийх гэж оролдохгүй. Та бүхэн ухаантай хүн бол хуулийг хараад энэ болохгүй гэдгийг ойлгосон. Би чадахгүй, гэхдээ хуульч өөрийгөө зөв болгон харагдуулах гэж
“Тэгвэл миний хөрш хэн бэ?”
гэж асуусан. Тэгэхэд Есүс дээрэмчинтэй таарсан хүний тухай ярьсан.
Нэг хүн Иерусалимаас Иерихо руу явж байгаад дээрэмчинтэй таарсан. Дээрэмчид тэр хүний хувцсыг дээрэмдэж, зодож нүдээд үхэхийн даваан дээр хаясан. Нэгэн тахилын ахлагч түүгээр явж байгаад тусалсан уу? Туслаагүй. Түүний дараа леви хүн явж байгаад тусалсан уу? Үгүй. Нэгэн самари хүн явж байгаад тусалсан уу? Тиймээ, ойртон очсон. Тос ба дарсаар шархыг нь арчин боож, өөрийн унаан дээрээ суулган буудалд хүргэн түүнийг асарсан.
Үүнд дээрэмчинтэй уулзсан хүн нь хуульчийг өөрийг нь хэлж буй юм. Тэгвэл энэ дээрэмчинтэй таарсан хүнд юу тохиолдсон бэ? Хувцасаа дээрэмдүүлж, зодуулаад үхэхийн даваан дээр байсан. Тийм биздээ? Тэр хүн яаж аврагдсан бэ? Зүгээр хэвтэж байсан, юу ч хийж чадахгүй. Самари хүн нь Есүсийг илэрхийлэх бөгөөд Самари хүн түүн дээр очиж тос ба дарсаар шархыг нь арчиж боож, өөрийн илжгэндээ суулган яваад буудалд хүргэн түүнийг асарсан. Ингэж аврал ирсэн юм.
Өвчтөн мухар олгойгоо авхуулах гээд эмнэлэгт ирэхэд яадаг вэ? 
“Эмчээ, намайг үзнэ үү. Мэс засал хийгээд өгөөч. Тэгээд америкийн мэс ажилбарын хутганууд хэрэглээрэй, оёх утсаа сайн цэвэрлээрэй, мэдээ алдуулах бодисондоо болгоомжтой хандаарай.”
Гэвэл ямар ч эмч туслая гэж бодохгүй.
“Өөр эмнэлэгт очно уу.”
“Өөрөө хийгээд үзнэ үү.”
Эмч мухар олгойтой хүнд хэрхэн ханддаг вэ? Мэс засал хийхийн өмнө гэрээнд гарын үсэг зурж, тамга дардаг. Хэрэв алдаа гарвал хариуцлага хүлээхгүй гэсэн тамга дардаг. Түүний дараа мэдээ алдуулж сураар гарыг нь хөдөлгөхгүй болгож боодог. Үүний дараа эмч дуртайгаа хийж болох болсон үед хутгаа гаргадаг. Зүсвэл зүсээд, хяргавал хяргаад, оёхыг нь оёдог. Ингэдэг бил үү, үгүй бил үү. Энд нэг эмч сууж байна танаас асууя. Тэгдэг биз дээ?
“Энд нь арай гүн зүсье. Баруун тийш нь жаахан гүн, тэр доороос сугалаад хая. Тэгээд ариутга.”
Өвчтөн олон таван юм яриад байвал эмч харьцдаггүй.
Хүмүүсээ, бидний сүнс аврал авъя гэвэл миний сэтгэл, бодлыг бүгдийг нь хаях хэрэгтэй. Ингэж байж Эзэн зүсвэл зүсээд, оёвол оёдог.
“Эзэн минь, таньд өөрийгөө даатгаж байгаа тул дураараа болно уу.”
гэвэл Есүс хамгийн төгсөөр хийж өгдөг. Дээрэмчинтэй таарсан хүн арай илүү чадалтай байсан бол самари хүнийг дөхөн ирэхэд нь харааж зүхээд яв гэх байсан байх. Яагаад гэвэл Еврей хүмүүс самари хүнийг нохойтой адил үздэг байсан. Одоо бараг үхэж байсан тул самари хүн ч байсан, гахай ч байсан, нохой ч байсан аврагдахыг л хүснэ. Үүнд өөрөөрөө бахархах бахархал, ичих булчирхай байгаагүй. Хар арьстан ч, цагаан арьстан ч, хэн ч байсан аварч байвал болно. Тийм байсан. Ли Хон Ху пастор 10 жилийн өмнө нэг удаа усанд живсэн. Бид тэр үед усан сургалтын бэлтгэл хийх гэж байсан бөгөөд их үертэй байсан. Би жоохон сэлж чаддаг учир усыг сэлж гарахад Ли пастор
“Би Пак пастораас эрүүл чийрэг учир, Пак пастор сэлээд гарвал би л чадахгүй байв гэж.”
гэж бодоод усанд орсон. Би гарсан боловч Ли пастор доош живсэн. Ойролцоогоор 20 метрийн цаана цутгалан байсан бөгөөд түүний доор байсан 10 жилийн хүүхдүүд амийг нь аварсан. Авраагүй бол өдийд энд ирэхгүй байсан. Усанд живсэн хүн “Амь авар” гэж хэлдэг гэдэг нь худал гэсэн. Живж байх үед “Амь авар.” гэж дуугарч чаддаггүй гэнэ.
Хүн усанд живж байх үед олс шидэж өгвөл
“Энэ олс чинь ямар брэндийнх юм.”
“Итгэж болох уу?”
“Америкийнх уу, дотоодынх уу”
“Татах хүч нь хэдэн кг юм бэ?”
“Үүнээс өөр арай бөх юм шидчих.”
гэвэл энэ хүн усанд живж буй хүн биш юм. Ойлгов уу? Үнэхээр живж буй хүн “Амь авар.” гэж хэлж чадахгүй бөгөөд юу ч байсан зуурна.
Та бүхний дунд гэмээ өршөөлгөж чадаагүй хүн байгаа бол, өөрийгөө хаашаа ч зайлах аргагүй сөнөх тавилантай хүн гэдгээ юун түрүүн ухаарах ёстой юм. Түүнийгээ мэдсэн хүн ирж хэрүүл хийхгүй. “Гэдэс цатгалан тул”, “Би сөнөнө гэдгээ ухаараагүй учир” гэх учир шалтгаан, асуудал ихтэй.
Би гэмээс хэлтрүүлэгдэхийнхээ өмнө тамд очихоос өөр аргагүй гэмт хүн гэдгээ гүнзгий ухаарах үед хэн нэгэн нь ирээд гэмээс ангижирах аргыг ухааруулж өгсөн бол амьдралын туршид боол байсан ч яахав гэж бодож байсан. Тийм учраас дээрэмчинтэй таарсан хүн ямар үедээ аврал авсан билээ? Үхэлтэй яг тулгарахад өөрөө юу ч хийж чадахгүй үе ирэх юм. Есүс дэлхийд байхдаа ямар хүмүүсийг хайж очиж байсныг мэдэх үү? Өөрийгөө ухаантай, мөргөл сайн үйлддэг, сургаал сайн заадаг, итгэгчийн амьдралаар сайн амьдардаг гэсэн хүмүүст Эзэн дөхөж очиж байгаагүй. Юу ч чадахгүй дэлхийгээс хүсэх зүйлгүй, үхэхээс өөр аргагүй хүмүүсийн хажууд Есүс үргэлж үзэгдэж байсан.
Хүмүүсээ өнөөдөр орой ч Есүс тийм байх болно. Өнөө орой та бүхэнд найдвар байна уу? Хүсэх зүйл байна уу? Сөнөхөөс өөр арга байна уу? Тийм бол Есүс та бүхний өмнө байна. Гэхдээ та бүхний сэтгэлд “Гэсэн ч би яарахгүй байна, би сайн итгэдэг, аврал авах тухай нэг удаа сонсоод явъя.” гэсэн сэтгэл байвал Есүс Христ хол байна.
Дээрэмчинтэй таарсан хүн амьтай голтой үлдсэн. Хэн нэгэн нь ирж туслаагүй бол үхэхээс өөр аргагүй байдалд байсан. Библийн Лук номын 10-р бүлгийн 33-р ишлэлийг үзвэл
“Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа өрөвдөн”
Яасан бэ? Өрөвдсөн гэж байна. Өрөвдсөнөөр барахгүй түүний дараа яасан бэ? Хэн дөхөж очсон бэ? Дээрэмчинтэй таарсан хүн дөхөж очсон уу, эсвэл самари хүн дөхөж очсон уу? Аврал авсан хүн дөхөж очсон уу, эсвэл аврал өгсөн хүн дөхөж очсон уу? Усанд живж байгаа хүн дөхөж очих уу, эсвэл уснаас аврах гэж байгаа хүн дөхөж очих уу? “Наанаа зогсож бай, би жоохон дөхөөд очихоор намайг авраад өгөөч.” гэвэл юу болох вэ? Тэгж ч хэлж чадахгүй. Сайн сонсоцгоо, та бүхэн аврал авах хүн үү, эсвэл аврал хайрлах аврагч Эзэн үү? Хэрэв та нар аврал авах хүмүүс юм бол Бурханд ойртон очих бус, Эзэн ойртон ирэх ёстой.
Өнөөдөр олон хүмүүс Эзэнд очих гэж, илүү ойртох гэж хөлөө хугалчих шахдаг. Ухаантай хүн усанд живсэн хүнийг аврахаар шууд үсрэн оролгүй хүчээ бартал нь хүлээдэг. Хүчтэй үед нь орвол зуурч чангаагаад хоёулаа үхдэг. Хүчийг нь барагдтал хүлээж байгаад хүч нь барагдвал хувцсаа тайлж дасгал хийж байгаад ордог. Нөгөө хүн нь
“Би үхлээ.”
гэж хашгирвал
“Чамд тэнхээ байна, болохгүй.”
“Намайг авраач ээ.”
“Болохгүй, дасгал хийж байгаад очъё, нэг шатар нүүчхээд ирье.”
Цаг нөхцөөдөг. Хүч нь барагдсан үед орж авардаг юм. Энэ бол аврах арга юм. Юутай ч усанд живсэн хүн хэт их хүчтэй бол аврах аргагүй байдаг.
Саяхан Пусанд усанд их сайн сэлдэг биеийн тамирийн багш эмэгтэй оюутнуудтай далайд сэлэхээр явсан. Багш асарт сууж байтал нэгэн эмэгтэй оюутан гүйж ирж
“Багшаа, багшаа, хүүхдүүд усанд живчихлээ.”
Гүйж очиж харвал таван охин усанд орж гарч байлаа. Багш хурдан сэлж очтол, хүүхдүүд бүгд тал талаас нь зуурч багш нь ч, хүүхдүүд нь ч үхсэн юм. Гэтэл нэг хүүхэд хол байсан учир багшийгаа зуурч чадаагүй бөгөөд хартал ус цээжээр нь татаж байсан. Тэр усанд оюутнууд болоод багш бүгдээрээ үхсэн. Сандарч тэвдэлгүй зүгээр зогссон бол болох байсан ч... Сургуулийн нэрийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ энэ жинхэнэ болсон явдал.
Аврал авахын тулд бид юу хийх ёстой вэ? Эзэний өнөөдөр үзүүлж өгсөн энэ Библийн сургаалаас харахад дээрэмчинтэй таарсан хүн юу ч хийгээгүй. Бурхан аврах ажлыг хийсэн. Та бүхэн аврал авахын тулд Эзэнийг байлгаж, өөрсдөө амрахыг хүсэж байна. Амарцгаа нөхөдөө, алжаалаа тайлагтун. Дээрэмчинтэй таарсан нөхөр
“Нааш ирээч, намайг авраач энд байна. Би дөхөөд очъё.”
гэсэн үү? Тэр зүгээр л хэвтээд юу ч хийж чадаагүй. Хэн дөхөж очсон бэ? Самари хүн, өөрөөр хэлбэл Есүс очсон. Дөхөж очин, тос ба дарсыг шархан дээр нь түрхэж өгсөн.
Би Библийг уншихдаа нэг нэг ишлэлээр нь задлан шинжилж уншдаг бөгөөд бүгдээрээ тэгэхийг хүсч байна. Ихэвчлэн шарх гарвал дарс, тос түрхдэг.
Бид зар түгээгчээр явахаар сургалтанд хамрагдах үед үүнийг сурсан юм. Их дозтой архи ариутгалд сайн гэдэг. Шархыг ариутгасны дараа вазелин түрхвэл түүнд нян ордоггүй юм.
Тиймээс тосыг эхэлж түрхдэггүй бөгөөд энд тосыг эхэлж түрхсэн. “Яагаад тэгсэн юм бол” гэж бодтол ойлгохгүй байснаа хэсэг хугацааны дараа ойлгосон. Библи дээр гарах тос нь Ариун сүнсийг хэлэх бөгөөд дарс нь баяр баясгаланг илэрхийлнэ. Тиймээс тос ба дарсыг бидэнд түрхэнэ гэдэг нь эхлээд гэмээс хэлтрүүлэгдвэл Ариун сүнс бидэнд орж, түүний дараа баяр баясгалан ирэх юм.
Зарим хүмүүс баяр баясгалан ирвэл Ариун сүнс авсан мэт санаж, баяр баясгаланг хүлээдэг боловч хичнээн хүлээсэн ч ирдэггүй юм. Ариун сүнс ирэх учиртай. Мөн доз ихтэй спирт нь сайн ууршдаг боловч тос нь их ууршдаггүй. Биднээс Ариун сүнс явахгүй боловч баяр баясгалан нь үргэлж орхин оддог биз дээ. Гэмээс хэлтрүүлэгдсэний дараа аз жаргалд хэт дурлахаа болъё. Аз жаргал нь орхин одох боловч нэгэн удаа гэмээс хэлтрүүлэгдвэл Ариун сүнс нь үүрд хамт байх болно. Тос ба дарсыг шархан дээрээ түрхэж түүний дараа яасан бэ? Шархыг боосон. Бидний шархыг, бидний худал хуурамчийг, бидний алдаа мадагтай хэсгийг Эзэн боож өгөх юм.
“Миний илжгэнд суу.”
Тэгээд баярлах зүйл нь Эзэний суух суудал дээр биднийг суулгаж, бид алхах ёстой дорд газраар илжигний цулбуурыг атгаж Эзэн явсан юм.
Нөхдөө, бид нар бус, жинхэнэ амьд Есүс Христээр энэ хүн хэрэгжих юм. Бүгдээрээ дүгнэлт гаргая.
Бидний гэмийн төлөө Есүс загалмай дээр цовдлуулан нас барсан гэдгийг олон хүмүүс сайн мэддэг. Гэтэл зарим хүмүүс би гэм үйлдсэн гээд сэтгэлээ хүртэл гэмээс чөлөөлсөн байдаг бол, зарим нь Есүс миний гэмийн төлөө нас барж миний гэмийг арилгасан гэсэн мөртлөө сэтгэлд нь гэм байсаар байж зовж шаналдаг. Тийм биз дээ, хүмүүсээ? Тиймээс зарим хүмүүс сэтгэлийн гэмээ бүгдийг нь арилгаад баяр хөөртэй амарч байхад зарим нь гэмийнх нь төлөө Есүс үхсэн байхад яагаад итгэдэггүй юм бэ? Энэ нь асуудалтай байгаа юм.
Нэг удаа Есүс замаар алхаж явтал хойноос нь нэгэн эмэгтэй хувцсанд нь  хүрсэн. Тэр эмэгтэй 12 жилийн турш цусны өвчин гэдэг хэцүү өвчнөөр өвдөж шаналж байсан. Олон аргаар үзсэн боловч эдгэлгүй байтал нэгэн өдөр “Есүсийн хувцсанд л хүрвэл эдгэрнэ.” гэсэн бодол түүнд төржээ. Энэ итгэл нь түүнийг эдгээсэн юм.
Асуудлыг “Миний гэм шийдэгдсэн.”, “Ариутгагдсан.” гэсэн бодол та нарт төрөх бус, миний гэм үнэхээр шийдэгдсэн гэсэн итгэл та бүхэнд төрөх ёстой юм. Бодол төрвөл миний гэм шийдэгдсэн гэдгийг мэдсэн ч нэг л эргэлзээтэй санагдах авч, итгэл төрвөл миний гэм шийдэгдсэн учир гэмийнхээ төлөө би одоо юу ч хийх шаардлагагүй гэсэн үнэнийг ойлгох болно. Үнэхээр гэмээс чөлөөлөгдөх юм.
Саяхан гэрчлэл хийсэн Ким Уг Юун ахлагч их сургуульд явж байхдаа оюутнуудад библи зааж, сургаал айлдаж байсан гэсэн. Мэдээжээр Есүс миний гэмийн төлөө нас барсан гэдгийг сайн мэдэж байсан. Гэвч сэтгэлийн гэм нь өөрийг нь урьдын адил зовоосоор байсан. Толгойгоороо мэддэг боловч, сэтгэлдээ гэмээс ангижирч чадалгүй амьдарч байсан. Нэгэн орой түүний сэтгэлд итгэл орж ирсэн. “Есүс загалмай дээр миний гэмийг уучилсан.” Мэддэг сургаал боловч тэр орой энэ үг сэтгэлд нь орж, гэмээс ангижирсан бөгөөд түүнээс хойш өөрчлөгдсөн.
Та бүхэн онолын хувьд Есүс миний гэмийн төлөө загалмай  дээр нас барж, миний гэмийг уучилсан гэдгийг мэдэх шаардлагагүй байна. Үүнийг би та бүхэнд хэлье гэсэн юм биш, та бүхэн сэтгэлээсээ гэмийг бүрэн авч байх ёстой. Гэм цас  мэт цагаан болж, дээр үед Адам ба Ева гэм үйлдэхээс өмнө Едений цэцэрлэгт байсантай ижил бүрэн төгс чөлөөлөгдөх ёстой.
Ийм итгэл ямар хүнд ирэх вэ? Өөрөө ямар нэгэн зүйлийг хийх гэж буй хүнд Есүс миний төлөө өгсөн гэдгийг мэдсэн ч түүний сэтгэлд чөлөөлөгдөнө гэсэн итгэл орж ирэхгүй. Өөрийгөө хаяж байж ирэх ёстой юм. “Би өөрийн хүчээр гэмээ арилгаж чадахгүй.”, “Би гэмшээд ч, юу ч хийгээд болохгүй байна.”, “Бурхан намайг аварвал аврагдаж, үгүй бол устах болно.” гэсэн сэтгэлд Ариун сүнс орж ирдэг юм. Өнөөдөр ч гэсэн энэ суудалд Эзэн та бүхний сэтгэлийг ажиглаж байна.
“Би үнэхээр өөртөө итгэхгүй байна. Би одоо бууж өгч байна. Би нокаутанд орчихлоо. Та туслаач ээ.”
Хэн ийм сэтгэлтэй байгааг нь мэдэхгүй боловч тийм сэтгэлд Есүс орж чадах болно. Ийм хүнд өөрөөрөө бахархах сэтгэл хэрэггүй юм. “Би ахлагч...”, “Би библийн дээд сургууль төгссөн...”, “Би багш...” гэж тооцохоо больцгооё. Гагцхүү “Би үхэхээс өөр замгүй гэмт хүн юм, намайг аварна уу.” гэхээс өөр зүйлгүй. Энэ бодол нь сэтгэлд төрөх ёстой юм. Ийм хүний дотор Эзэн орж ирнэ.
Нөхдөө, би үүнийг хэрхэн мэдсэн бэ? Би гэмээс өршөөгдсөний дараа олон жилийн туршид олон хүмүүст гэмээс ангижрах тухай ярьсан.
Нэгэн суудалд хамт суугаад сонсож байсан ч зарим хүмүүс нь толгойгоороо мэдэх боловч, сэтгэлд нь бий болдоггүй учир гэмээс болж зовдог хүмүүс байдаг бол зарим хүмүүс нь гэмээс ангижирч баярлаж амьдрал нь өөрчлөгддөг болохыг харсан юм.
Өнгөрсөн хугацааны туршид нэгэн зүйлийг мэдсэн нь өөрийгөө ямар нэгэн зүйлийг хийж чаддаг гэж боддог хүмүүс нь хичнээн гэмээс арилгагдах тухай нууцыг мэдэж авсан ч, сэтгэл нь урьдын адил гэмээс чөлөөлөгдөж чаддаггүй юм. Тийм учир “Би гэмт хүн.” гэсэн бодлоос ангижирч чаддаггүй. Өнөөдөр та нар ямар хүмүүс вэ? Есүс загалмай дээр цовдлуулан нас барсныг мэдэхгүй болоод асуудал үүсээгүй. Би юу ч хийж чадахгүй гэсэн сэтгэлийн үндсэн дээр аврал авах мөчид дөхөж очих болно.
Дэгүд Самдог гэдэг их том сүм байдаг. Тэр сүмд Хун Дэ И пастор олон жил пастор хийсэн юм. Одоо нас барсан л даа. Миний их хүндэлдэг хүн бөгөөд магадгүй, та бүхний дунд настай хүмүүс тэр пасторыг сайн мэддэг байх. Тэр хүн залуудаа Маанжурт пастор хийж байсан. Жижигхэн тосгоны Баптист сүмийн пастор байсан бөгөөд түүний хажууд Методист сүм байсан. Хоёр сүм хоорондоо их л нөхөрсөг байдаг байсан. Зул сарын баяр болоход Хун пасторийн ажилладаг сүмээс нөгөө сүмдээ бэлэг явуулж, нөгөө сүмээс нь  бас бэлэг явуулдаг байсан. Мөн баяр ёслол болбол бие биендээ мэнд дэвшүүлж үнэхээр хайран дунд эвсэг байсан.
Нэг жил Хун пасторын ажилладаг сүмд биш түүний хажуугийн Методист сүмд дахин амилсаны ёслолыг хийхэд  норвеги авралын зар түгээгч Мария Мунсэйн гэдэг хүн ирж номлолыг удирдсан. Гэхдээ тэр Мария Мунсэйн гэдэг хүн
“Дахин төрөх ёстой.” гэсэн сэдвээр сургаал айлджээ. Хун пасторын сүмээс олон хүмүүс оролцож гэмээс ангижирч үнэхээр баярлацгаажээ. Ариун хүмүүст үнэхээр ивээлтэй байсан учир пастор дээр ирж
“Пастораа, пастораа, нөгөө сүмд явж буй номлолд нэг удаа оролцож үзье. Үнэхээр сайхан юм.” гэж гуйжээ.
Пастор нэг их дурлаагүй учир очоогүй. Тэгж байтал хамгийн сүүлийн өдөр итгэгч нар үнэхээр хүсч буй тул, очихгүй бол болохгүй мэт санагдаад даруухан хувцас өмсөж, пасторын зангиагаа аваад эгэл даруу цуглаан дээр очжээ. Мария Мунсэйн авралын зар түгээгч гэмээс ангижрах тухай сургаал айлдаж байсан. Бүгд мэддэг яриа биз дээ. Шашны дээд сургуулийг төгссөн хүн үүнийг мэдэхгүй байв гэж. Гэхдээ хүмүүс өөрийг нь ярих үеэс огт өөр байдлаар хүлээж авсан. Итгэгч нар түүний үгийг маш гүнзгий тусгаж авсан. Ингээд номлол дуусчээ. Номлол дуусаад гартал авралын зар түгээгч яаравчлан очиж, сүмийн хаалган дээр зогсоод хүн тус бүрийн гар барьж
“Та дахин төрсөн үү?”
гэж асуусан. Хун пастор хүртэл үнэнээсээ дахин төрж үзээгүй байсан. “Би дахин төрсөн үү гэдэг асуултыг өөртөө тавибал юу болох вэ?” Тиймд эргэлзэн тээнэгэлзэж байтал, бүгд явж цөөн хүн үлдсэн. Хамгийн сүүлд үлдвэл эвгүй байх гэж бодоод түргэлэн гарч явах гэтэл авралын зар түгээгч гарыг нь атгаж
“Та сайн байна уу?”
“Та дахин төрсөн үү?”
Мэдээж пастор гэдгийг нь мэдээгүй. Өөрийн сүмийн хүн байх гэж бодон Методист сүмийн хүмүүс байхад дахин төрөөгүй гэж хэрхэн хэлэх билээ. Тэгээд
“Тиймээ, дахин төрсөн.”
гэж хэлсэн. Тэгтэл
“Бурхан минь, үнэхээр баярлалаа. Халлелүяа! Дахин төрсөн хүнтэй уулзаад баяртай байна.”
гээд гарыг нь лав барьж, баярлалаа хэмээн баяр хөөртэйгээр яахаа мэдэхгүй байтал
“Хэзээ дахин төрсөн бэ?”
гэж асуусан. Тэхээр нь төдийд гээд худал хэлж орхисон. Авралын зар түгээгч хаалга хүртэл үдэж өгөн баяртай гээд явуулжээ. Түүнээс хойш Хун пасторын сэтгэлд Ариун сүнс орж эхэлсэн. “Чи худалч.”, “Дор хаяхад хоёр удаа худлаа хэлсэн.” Ариун сүнсийг орж иртэл хүмүүс өөрсдийгөө хэн гэдгийг мэддэггүй. Сөнөхөөс өөр тавилангүй, бузар муу хүн боловч түүнийгээ мэдэлгүй явж байтал Ариун сүнс орж ирвэл өөрийгөө хичнээн бузар муу болохыг мэднэ. Ариун сүнс орж ирвэл гэмт болсон өөрийгөө ухаарах болно. Хун пастор өөрийгөө хичнээн гэмт хүн болохоо ухаарсан.
“Эзэн минь өрөвдөөч, би гэмтэй.”
Үнэхээр өөрийгөө сөнөхөөс өөр аргагүй гэмт хүн гэдгийг гүнзгий мэдэрсэн. Түүнээс хойш тэр хүн хялбархан дахин төрсөн. Хун пастор Солонгост ирээд олон ном бичсэн. Удсан учир тэдгээр номнууд гадуур бий эсэхийг мэдэхгүй боловч “Авралын зам” гэсэн гарчигтай ном бичсэн.
Хайрт нөхөдөө, та нар хүмүүсээс
“Дахин төрсөн үү?”
гэж асуувал их л дургүй байна байх. Яагаад вэ? Үе үе пасторууд чин үнэн итгэлийн талаар асуухад, би
“Пастораа, дахин төрсөн үү?”
гэж асуудаг. Тэгвэл хачирхалтай нь яг хоёр өөр хариулт гардаг. Үнэнээсээ уурладаг хүн байхад үнэнээсээ баярладаг хүн байдаг. Дахин төрсөн үү гэж асуух нь муухай хараал биш боловч, дахин төрөөгүй хүн нь үүнийг сонсвол тэгж дургүйцдэг. Үүний эсрэгээр дахин төрсөн хүн нь үүнийг сонсвол үнэнээсээ баярладаг. Үүнд ялгаа нь байдаг юм.
Та бүхэн дээрэмчинтэй таарсан хүн өөрийн хүчээр юу ч хийж чадахгүй гэж мэдрэх үед хэн ч ирсэн дураараа болог гэсэн байдалтай байсан. Тэр үед самари хүн ирж өөрийнхөөрөө хийсэн. Дээрэмчинтэй таарсан хүний аргаар бус аврагчийн аргаар төгс авралыг хайрласан. Нэг хэсэг байж байгаад хартал буудалд хэвтэж байсан. Самари хүн буудлын эзэнд хоёр зоос өгсөн нь тухайн үеийн Еврей хүмүүст нэг зоос нь нэг өдрийн амьдралын зардал байсан юм. Хоёр зоос гэдэг нь хоёр өдрийн амжиргааны хөлс юм. Эзэн нэг өдөр нь мянган жилтэй ижил, мянган жил нь нэг өдөртэй ижил гэж хэлсэн. Энэ нь ойролцоогоор хоёр мянган жилийн дараа Эзэн биднийг авахаар дахин ирнэ гэж амлаж буй юм.
Хайрт нөхдөө, би хэзээ гэдгийг нь мэдэхгүй боловч Эзэн дахин ирнэ гэдэгт итгэж байна. Үүдэн дээр суугаад биднийг авахаар ирнэ. Тэр үед та нар Эзэний хажууд зогсож чадна гэдэгтэй өөртөө итгэж байна уу? Та бүхний гэм цас мэт ариун болсон уу? Үнэхээр авралыг авсан уу? Үнэхээр дахин төрсөн үү? Бурхантай хамт явж чадах уу?
Та бүхний төлөө энэ номлолыг бэлдсэн юм. Одоо өнөө орой ба маргааш орой үлдлээ. Маргааш гэж хойш тавилгүй өнөө орой та бүхэн сэтгэлээ дорд тавьж бүгдийг орхиж
“Эзэн минь өнөө орой намайг авраач ээ, би гэмт хүн. Намайг өрөвдөөч.”
гэсэн сэтгэлээр Эзэнд очно уу. Өнөөдөр та бүхний нэрийг Бурханы улсын амийн номонд баттайгаар бичигдэх өдөр болохыг хүсье. Хэзээ ч мартахааргүй өдөр. “Баяртай өдөр, баяртай өдөр Эзэн миний гэмийг угаасан өдөр” болохыг хүсье.
Бүгдээрээ толгойгоо гудайлгахыг хүсье. Нүдээ аажмаар анина уу. Хайрт нөхөдөө, дээрэмчинтэй таарсан хүн хэрхэн аврал авсан бэ? Юу хийж байж аврагдсан бэ? Ямар нэгэн зүйлийг хийснээр авралыг авсан бус, дээрэмчинтэй таарсан хүн юу ч хийж чадаагүй учир авралыг авсан. Та бүхэн гэмт хүмүүс үү? Та бүхэн бузар муухай юу? Та бүхэн гэмийг шийдэх гэж оролдсон боловч бүтдэггүй юу? Бүтдэггүй биз дээ? Юу ч хийж чадахгүй гэсэн хүн Эзэний авралаар дүүргэгдэх болно гэдэгт итгэж байна.
“Бурхан минь, би гэмт хүн. Бурхан минь намайг авраачээ, энэ бузар муухай гэмээс намайг авран гаргахыг хүсье.”
Гэж байгаа хүн байвал баруун гараа алгуур өргөхийг хүсье.